Төлөөлөгчдийн танхим хуулийн төслийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Төлөөлөгчдийн танхим хуулийн төслийг баталлаа

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим даваа гаригт Ерөнхийлөгч Барак Обама болон Конгрессын тэргүүлэгчдийн тохиролцоонд хүрсэн өрийн таазын тухай хуулийн төслийг баталж Сенатын танхимаар хэлэлцүүлэхээр боллоо. Сенатын танхимын олонхийн тэргүүлэгч Харри Рейд түүний танхим дээрх төслийг мягмар гаригт хэлэлцэнэ гээд хуулийн төсөлд одоо нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй, Сенатын танхимын 100 гишүүдээс дор хаяж 60 санал авч байж батлагдах боломжтой хэмээн мэдэгджээ.

Либерал Ардчилагчид болон Консервативчуудын үзэл бодлын зөрүүтэй эсэргүүцлийг Төлөөлөгчдийн танхим даваа гаригт 269-өөс 161 санал авч давжээ. Хуулийн төслийг дэмжсэн санал өгөгсдийн дотор Бүгд Найрамдах намын гишүүн Габриел Гиффордс багтсан бөгөөд тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард толгойн тус газраа буудуулж, хөнгөн шарх авснаас хойш анх удаа Төлөөлөгчдийн танхимын санал хураалтанд оролцож байгаа юм.

Ерөнхийлөгч Барак Обама болон хоёр намын төлөөлөл бүхий конгрессын удирдлагууд өнгөрсөн ням гаригт АНУ ирэх арван жилийн хугацаанд төсвийн зардлыг 2,4 их наяд ам.доллароор танаж, 2012 оны эцэс хүртэл өрийн таазыг нэмэгдүүлж, урт хугацааны санхүүгийн шинэчлэл хийх тусгай конгрессын хороог байгуулах тухай тохиролцоонд хүрч чадсан юм.

Өрийн таазыг нэмэгдүүлэх тухай хууль хамгийн оройдоо мягмар гариг гэхэд Обамагийн ширээн дээр байж байх ёстой. Хэрэв одоогийн 14,3 их наяд ам.долларын өрийн дээд хязгаар цаашид нэмэгдэхгүй бол хүүгийн хэмжээ огцом өсч, долларын ханш унаж, санхүүгийн зах зээл улам донсолгоотой болох аюултай.

Бүгд Найрамдах намын хэд хэдэн гишүүн батлан хамгаалах салбарын зардал буурч, тэнцвэртэй төсвийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хуульд дутагдаж байгаад санаа зовниж байсан бол Ардчилсан намын нөхдүүд дотоодын зардлыг бууруулж, чинээлэг Америкчуудад оноох татварыг нэмэгдүүлэх тухай заалт байхгүй байгаад бухимдаж байлаа.

Жон Бойнер дийлэнх Бүгд найрамдахчуудын түүнчлэн Ардчилсан намын хоёр гишүүн дэмжлэгийг авч чадсан юм. Дэд Ерөнхийлөгч Жо Байден даваа гаригт Капитол Хиллд өнжиж, гонсгордуу байсан Ардчилсан намынхныг өрийн таазыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжихийг ятгаж өнгөрөөжээ.

Ийнхүү сар гаруй хугацаанд засгийн газрыг орвонгоор нь эргүүлэх шахсан хуулийн төслийн хэлэлцүүлэг нэгдсэн саналд хүрч чадлаа. Бойнер болон Төлөөлөгчдийн танхимын тэргүүдийн мэдэгдэж байгаагаар энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр Вашингтон татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах шинэ тогтолцоотой болно гэж үзэж байгаа юм.

Хуулийн төслийн хүрээнд хоёр үе шаттай алхмыг авч хэрэгжүүлэх болно. Эхний шатанд төсвийн зардлаас 917 тэрбум ам.долларыг танахаас үндэсний аюулгүй байдлын төсвийг 420 тэрбум ам.доллараар хумих аж. Ингэснээр өрийн таазыг 900 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой болно.

Харин дараагийн шатанд Конгрессын хамтарсан тусгай хороо төсвийн алдагдлыг 1,5 их наяд ам.доллараар бууруулах алхмуудыг санаачлан хэрэгжүүлэх юм. Тусгай хороо 12 гишүүнээс бүрдэх бөгөөд Ардчилсан болон Бүгд Найрамдах намуудаас тэнцүү тоотой зургаа зургаан гишүүн сонгогдох аж. Тус хорооноос ирэх арваннэгдүгээр сарын 23 гэхэд алдагдлыг бууруулах зөвлөмжүүдийг гаргаж, арванхоёрдугаар сарын 23 гэхэд ямар нэг нэмэлт өөрчлөлт хийлгүйгээр батлах, батлахгүйгээ шийдэх ёстой юм.

Тусгай зохицуулах хороо улс төрийн хувьд эмзэг сэдэв болсон татварын тухай хууль болон нийгмийн халамжийн хөтөлбөрт хамгийн түрүүнд шинэчлэл хийж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Хэрэв хорооноос гаргасан зөвлөмжүүдийг баталбал ноён Обама өрийн таазыг 1,5 их наяд ам.доллар хүртэл өсгөх захирамж гаргах боломжтой. Хэрэв зөвлөмжүүдийг батлахгүй бол өрийн таазыг арай татуу 1,2 их наяд ам.доллараар өсгөх боломжтой болно. 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж