“Жи-Тайм Корпорейшн” компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас шалгаж эхэлсэн билээ.
Хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар өнөөдөр /2017.03.09/ Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү мэдээлэл хийлээ.
“Жи-Тайм Корпорейшн” компанийн удирдлагыг байцааж эхэлснээс хойш, сүлжээнд нь элссэн олон иргэн үржүүлэн авахаар өгсөн мөнгөө хэрхэн яаж буцааж авах вэ гэдэг нь тодорхойгүй, бүрхэг буй. Гэтэл сүүлийн өдрүүдэд тус компанийн зарим удирдлага үйл ажиллагаагаа сэргээж, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ хэвийн үргэлжлүүлнэ. Мөн цалин мөнгө, урамшууллыг буцаан олгоно. Гол нь цагдаад очиж өргөдөл өгөх юм бол мөнгө чинь олдохгүй гэх тайлбарыг иргэдэд хийх болжээ. Тодруулбал сүлжээг толгойлж буй зарим иргэд доор нь элссэн хүмүүст “Толгой компанид гомдлоо гаргах юм бол мөнгөө авч чадна, Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд хууль ёсны компани гэдгээ нотолсон өргөдөл өгсөн, бидний үйл ажиллагааг хэвийн явуулна” гэсэн буруу ташаа мэдээлэл хүргэж эхэлснийг Ө.Эрдэнэхүү дэд хурандаа анхааруулав.
МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Цагдаагийн байгууллагаас “Жи-Тайм Корпорейшн” компанийн үйл ажиллагааг зогсоожээ.
Компанийн удирдлагынх нь ажлын өрөөн дэх эд хөрөнгө, худалдан борлуулдаг бараа, бүтээгдэхүүн, арилжааны банкууд дахь данс, тээврийн хэрэгсэл зэргийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилжээ. Ингээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу “Жи-Тайм"-ын хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохоор мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хэргийг сануулахад, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн М.Марат нь олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олохоор “Жи-Тайм Корпорейшн” компанийг байгуулж, Монгол Улсын олон иргэнийг элсүүлэн онц их хэмжээний мөнгө залилан авсан нь хуулийнхны шалгалтаар нотлогдоод буй. Улмаар М.Маратыг Монгол Улсын хилээр нэвтрэх эрхэд хориг тавьж, өнгөрсөн хоёрдугаар сарын 11-ний өдөр Чингис хаан нисэх онгоцны буудлаас саатуулсан билээ.
Зураглаач Н.ЭНХБАТ