Буулт хийх ёстой гэсэн Ван И-гийн саналыг АНУ няцаав

Хуучирсан мэдээ: 2017.03.09-нд нийтлэгдсэн

Буулт хийх ёстой гэсэн Ван И-гийн саналыг АНУ няцаав

АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг зогсоох Хятадын талын саналыг Вашингтон хүлээн авсангүй.

Цагаан ордны Хэвлэлийн албаны дарга Марк Тонер энэ саналыг “амьдрал нийцэхгүй” хэмээн хэлжээ. Цагаан ордны байр суурийг Пентагон мөн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Өмнөд Солонгосыг хамгаалах АНУ-ын хүчин чармайлтыг Хойд Солонгосын амлалтаа удаа дараа зөрчсөн үйлдэлтэй харьцуулах аргагүй хэмээн Пентагоны албан ёсны төлөөлөгч Гэри Росс хэлсэн байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр /2017.03.08/ үүсч болзошгүй хямралыг зогсоохын тулд цөмийн зэвсгийн туршилтаа зогсоохыг Хойд Солонгосоос шаардсан. Харин АНУ, БНСУ хоёр төлөвлөгдсөн цэргийн сургуулилалтаа зогсоож, буулт хийж Хойд Солонгосыг улам уурлуулахгүй байхыг санал болгосон юм.

Бээжин хотноо болж байгаа Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы үеэр Ван И энэ мэдэгдлээ сэтгүүлчдэд хийсэн бөгөөд “аль нэг тал нь буулт хийхгүй л бол Солонгосын хойгийн хэрэг явдал аюулаар дуусах зайлшгүй” хэмээн хэлсэн. Харин энэ буулт нь АНУ болон БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилалтыг зогсоох явдал гэж Ван И үзэж байгаа ажээ.

Хойд Солонгос Даваа гаригийн өглөө цөмийн дөрвөн пуужин хөөргөсөн нь сүүлийн нэг сарын дотор пуужин харвасан хоёр дахь тохиолдол болсон юм.

Харвасан дөрвөн пуужингийн гурав нь Японы тэнгист унасан. Пуужин харвасны маргааш өдөр АНУ өмнө тохиролцсоны дагуу пуужингаас хамгаалах THAAD системийг суурилуулахаар БНСУ-д тээвэрлэн авчирсан юм.

Энэхүү системийг Өмнөд Солонгост суурилуулах шийдвэрийг АНУ өнгөрсөн 2016 онд гаргасан бөгөөд энэ шийдвэрийг БНХАУ хүчтэй эсэргүүцсээр өнөөг хүрсэн. Учир нь энэ төхөөрөмж Хятадын агаарын орон зайг ч хянах боломжийг олгох юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж