Пак Гын Хэг огцруулах эсэхийг маргааш шийднэ

Хуучирсан мэдээ: 2017.03.09-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэг огцруулах эсэхийг маргааш шийднэ

Албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахуулийн хэрэгт холбогдон албан тушаалаасаа түдгэлзээд байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулах эсэхийг маргааш буюу гуравдугаар сарын 10-ны өдөр шийднэ. БНСУ-ын парламент Ерөнхийлөгч Пак Гын Хэд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураан, түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхээр шийдсэн юм. Парламентын энэ шийдвэрийн дагуу ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах эсэхийг тус улсын Үндсэн хуулийн Цэц шийдэх учиртай. Үндсэн хуулийн Цэц маргааш буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн 11.00 цагт /Сөүлийн цагаар/ хуралдах тов гарчээ.

БНСУ-ын Үндсэн хуулийн Цэц найман шүүгчтэй. Тэдний зургаа нь дэмжсэн санал өгвөл Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр батлагдах юм. Хэрэв тэгвэл хуулийн дагуу 60 хоногийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль зарлах юм.

Хэрвээ Үндсэн хуулийн Цэц огцруулах шийдвэр гаргавал Пак Гын Хэ албан тушаалаасаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр огцорсон анхны Ерөнхийлөгч болно. Харин санал дэмжигдэхгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тэр даруй сэргээнэ.

Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз эмэгтэй Чой Сун Шилийг шалгах Тусгай хэсгийнхэн энэ сарын 6-нд эцсийн дүнгээ гаргаж, ерөнхийлөгч Пак Гын Хэг авлига авсан, эрх тушаалаа урвуулан ашигласан зэрэг 13 төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, шалгалтын материалыг прокурорын байгууллагад шилжүүлэн өгсөн юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж