“Хуралдай” бонд=Их өрийн 82 хувь

Хуучирсан мэдээ: 2017.03.10-нд нийтлэгдсэн

“Хуралдай” бонд=Их өрийн 82 хувь

-“Хуралдай” бонд өрийн 85 хувийг л төлнө. Харин үлдсэн 124 сая ам.долларыг Засгийн газраас шинэ бонд гаргаж,  олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй зарлаж, хөрөнгө оруулагчдаас 3,4 тэрбум ам.долларыг санал авчээ-

Монгол Улс гуравдугаар сарын 21-ний өдөр  олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалсан 580 сая ам.долларын зээлээ төлнө.  Гэхдээ яаж? Сангийн яам, Хөгжлийн банкны мэдээлж байгаагаар бондын өрийг бондоор төлөхөөр болжээ.

2012 оны гуравдугаар сард, С.Батболдын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлд 580 сая ам.долларын Евро бондыг таван жилийн хугацаатай, жилийн 5.75 хувийн хүүтэйгээр олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche Bank, HSBC банкуудтай хамтран арилжаалсан байна.

Төмөр зам, тавдугаар цахилгаан станцыг барих санхүүжилтийг олох зорилготойгоор Монголын Засгийн газрын олон улсын зах зээлд арилжсан анхны бондыг худалдан авагчдын 32 хувь нь  Азийн хөрөнгө оруулагчид, 36 хувь нь  Европын хөрөнгө оруулагчид, үлдсэн 32 хувь нь Америкийн хөрөнгө оруулагчид байжээ. Өөрөөр хэлбэл, “Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөр”-ийн дагуу Хөгжлийн банкны бондыг АНУ-ын нутаг дэвсгэрт байрладаггүй хөрөнгө оруулагч худалдан авсан бөгөөд төрлөөр нь авч үзвэл хөрөнгө оруулалтын сангууд 85 хувь, хувийн банкууд 12 хувь, бусад хөрөнгө оруулагчид гурван хувийг эзэлж байгаа юм. Тэдэнд өрөө төлөх чадвар Монгол Улсад байна уу? Энэ асуулт өнгөрсөн жилээс эхлээд эрх баригчдын сэтгэлийг зовоож ирсэн юм.

МАН засгийн эрхэнд гарсны дараа эдийн засаг сохор зоосгүй байгааг дуулгаж, ингэснээр хөрөнгө оруулагтчид ч Монгол Улс төлбөрөө цагтаа төлж чадах эсэхэд эргэлзэж эхэлсэн. Тэгвэл Сангийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд  580 сая ам.долларын Евробондыг “Хуралдай” бондоор солих саналыг хөрөнгө оруулагчдад тавьжээ.

Харин Евробонд эзэмшигчид өнгөрсөн долоо хоногт шийдвэрээ гаргаж, Засгийн газраас тавьсан саналыг  нийт хөрөнгө оруулагчдын 82,07 хувь нь зөвшөөрсөн байна. Ингэснээр Хөгжлийн банкны эзэмшиж байсан Евробондыг Монгол Улсын Засгийн газрын “Хуралдай” бондоор солихоор боллоо.

“Хуралдай” бонд нь 8,75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай бөгөөд нийт 476 сая ам.доллар болж байгаа юм. Харин үлдсэн 124 сая ам.доллар болон хүүгийн төлбөрийн үлдэгдлийг Засгийн газраас шинэ бонд гаргахаар зарласан байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс шинэ бондыг  авахаар нийт 3,4 тэрбум ам.доллар буюу 27 дахин их дүнтэй санал ирүүлжээ. Тиймээс 124 сая ам.долларын бондыг долоон жилийн хугацаатай, 7,625 хувийн хүүтэйгээр гаргасан талаар Сангийн яам мэдээлж байна.

“Хуралдай” бонд 8,75 хувийн хүүтэй. Өмнөх бондын хүүг бодвол энэ хүү харьцангуй бага гэдгийг албаныхан онцолж буй.

Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “"Чингис" бондын хүүтэй харьцуулахад өндөр. "Чингис" бондын хүү 4.125 хувь байсан. Гэхдээ энэ үед Монгол Улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ий 28 хувьтай тэнцэж байсан бол одоо 100 хувь давсан. Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад ажил авахад л өр таазаа цоолоод гарсан байсан” гэсэн тайлбарыг хийж байна.

“Хуралдай” бондын 600 сая ам.долларын өрийг 2024 онд Монгол Улс төлнө. Үндсэн төлбөр хийгдэх хүртэл хагас жил тутам хүүгийн төлбөрийг барагдуулах учиртай. Ингэснээр 600 сая ам.долларын “Хуралдай” бондын төлбөрт Монгол Улс хагас жилд 26 сая ам.доллар буюу 65 тэрбум орчим төгрөг төлөх урьдчилсан тооцоо гарсан байна. Бондын хэлцэл  албан ёсоор дуусгавар болсон бөгөөд бондын арилжааны менежерээр Хонконг дахь Credit Suisse, Лондон дахь JP Morgan ажиллажээ.

“Хуралдай” бондын нийт дүн 600 сая ам.доллар байхаар тооцож, 124 сая ам.долларыг 8,25 хувийн хүүтэй байхаар талууд тохиролцжээ. Олон улсын зах зээлд нээлттэй арилжигдсан “Хуралдай” бондын 76 хувийг АНУ-ын хөрөнгө оруулагчид, 18 хувийг Европын хөрөнгө оруулагчид, зургаан хувийг Азийн хөрөнгө оруулагчид бүрдүүлсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Монгол Улс 2016 оны хавар таван жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй бонд гаргаж байсан ба хэдийгээр манай улсын зээлжих зэрэглэл буурсан ч ийнхүү илүү урт хугацаатай бондыг 3.25 нэгжээр бага хүүтэй гаргаж чадсанд нь Засгийн газарт нэмэх оноо өгч болох. Гэвч байгуулагдсанаас хойш эдийн засаг хямарсан гэж ярихаас илүү дорвитой ажил хийгээгүй Засгийн газрыг дефолт зарлах хэмжээнд хүргэж байж, өрөө төлөх арга хэмжээ авч байгаад нь шүүмжлэлтэй хандах сөрөг хүчин төдийгүй эдийн засагчид бий.
 

ОУВС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНД ӨРӨӨ ТӨЛЖ ЧАДАХ НЬ
 

Хөрөнгө оруулагчдын зүгээс Евробондыг Засгийн газрын “Хуралдай” бондоор солих асуудал ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар болсны дараа гаргасан шийдвэр. ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж буйг харуулсан үйл явдал боллоо гэдгийг эрх баригчид онцолж буй. Энэ нь цаашид гадаадын хөрөнгө оруулалт сэргэх, зээлжих зэрэглэл сайжрах, улсын болон хувийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах хүүгийн зардал буурах үндэс суурь болж байгаа гэдгийг Сангийн сайд онцлон хэлж байгаа. Ингэснээр 2018 онд хугацаа дуусах Чингис бондын төлбөрийг харьцангуй бага зардалтайгаар шийдвэрлэх боломж бий  болох аж. Эдгээр эерэг өөрчлөлтийн дүнд цаашид эдийн засаг сэргэж, бизнесийн орчин тогтворжих ба улмаар дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, ажлын байр бий болгосноор эдийн засгийн өсөлтийг улам дэмжих нөхцөл бүрдэх боломжтой. Эрх баригчдын зүгээс зөв шийдвэр, шийдэл гаргасан тохиолдолд шүү дээ. Учир нь ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд, ОУВС-ийн захирлуудын зөвлөл хуралдахаас өмнө /ОУВС-ийн гуравдугаар сард багтаж хуралдана гэдгийг Сангийн сайд хэлж байсан/ 2017 оны төсөвт тодотгол хийх, зарим татварын хуульд өөрчлөлт оруулах, бүтцэд өөрчлөлт оруулах гээд олон асуудлууд парламентийн шийдвэрийг хүлээж буй. Сар шинийн баярын дараа ээлжит бус чуулган хуралдаж, 2017 төсвийн тодотгол болон ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээний асуудлыг хэлэлцэнэ гэсэн боловч ээлжит бус чуулган хуралдуулахгүй гэсэн шийдвэрийг эрх баригчид гаргасан. Тиймээс ОУВС-ийн хөтөлбөрийг эцэслэх шийдвэр УИХ-ын хаврын чуулганыг хүлээх бололтой.

МОНГОЛ УЛС БОЛОН ХӨГЖЛИЙН БАНКНЫ БОНД
 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж