“Brexit”-ээс өмнө Шотланд тусгаар тогтнох уу?

Хуучирсан мэдээ: 2017.03.10-нд нийтлэгдсэн

“Brexit”-ээс өмнө Шотланд тусгаар тогтнох уу?

Их Британи Европын холбооноос гарах үйл явц албан ёсоор ирэх 2018 оны сүүлээр эхлэх юм. Түүнээс өмнө 2018 оны есдүгээр сард Шотландад тусгаар тогтнолыг дэмжих эсэхээр бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байна. Шотландын тусгаар тогтнолын асуудал Дэлхийн тав дахь том эдийн засаг болох Их Британийг задралд хүргэх эрсдэлтэй хэмээн улс төрийн ажиглагчид дүгнэжээ.

Их Британийн ерөнхий сайд Тереза Мей Европын холбооноос хэрхэн эдийн засгийн хохирол багатай салах вэ хэмээн толгой гашилгаж буй энэ үед Шотландын тусгаар тогтнол нэрмээс болох нь мэдээж. Тереза Мей Европын холбооноос  салахын тулд бусад 28 гишүүн оронтой зөвшилцөж тохиролцох ёстой юм. “Brexit” хариуцсан Европын холбооны ахлах зуучлагч Мишел Барниерийн хэлснээр 2018 оны аравдугаар сар гэхэд Их Британитай “өрх тусгаарлах” гэрээний төслийг бэлэн болгосон байх ёстой гэнэ. Тереза Мей Европын холбооны удирдлагуудтай энэ гуравдугаар сарын сүүлээс эхлэн “Brexit” яриа хэлэлцээг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ Европын холбоонд үлдэх хүсэлтэй Их Британийн зарим ард иргэд  хоёр дахь удаагаа “Brexit” санал асуулга явуулахыг шаардаж байна. Гэхдээ дахин санал асуулга явуулах эсэхийг Их Британийн Үндсэн хуулийн дагуу парламентын олонх дэмжин батлах ёстой аж. Өнгөрсөн оны зургадугаар сард явагдсан Их Британийн бүх нийтийн санал асуулгад Англи, Уэльс Европын холбооноос гарахыг дэмжсэн бол Шотланд, Хойд Ирланд үлдэх сонголт хийсэн байв. Шотландад өмнө нь 2014 онд Их Британиас тусгаар тогтнох санал асуулга явагдахад 55% нь үлдэх сонголт хийсэн аж.

ШОТЛАНДЧУУД ГЭЖ ХЭН БЭ?

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын мэдэлд байдаг Шотланд нь Их Британийн арлын хойд хэсэгт арлын бараг гуравны нэг шахам газрын хамран оршдог. Өмнө зүгтээ Англитай хиллэж баруун, хойд, зүүн хэсгээрээ Атлантын далай, Хойд тэнгис, Ирландын тэнгисийн усаар хүрээлэгддэг. Энэхүү далай тэнгист байрлах олон жижиг арлыг мөн Шотландын газар нутаг хэмээн тооцдог.

Шотландын нийслэл нь Эдинбург хот бөгөөд Шотландын хоёр дахь том хот. Эхний том хот нь Глазго юм. Харин гуравдахь том хот Абердин нь Европын нефть олборлолтын гол хотод тооцогддог. 1707 он хүртэл Шотландын вант улс тусгаар оршиж байгаад 1707 оны тавдугаар сарын 1-нд Англитай улс төрийн холбоотой болж Их Британийн хаант улсын мэдэлд орсон. Харин Их Британи нь 1801 онд Ирландыг нэгтгэснээр Их Британи, Ирландын нэгдсэн вант улсыг үүсгэсэн.

ТУСГААР ТОГТНОЛЫН ДАВАЛГАА

1980 оноос хойш дэлхийд 39 улс шинээр тусгаар тогтноод байгаа нь тусгаар тогтнолын давалгаа явж байгааг харуулж байна хэмээн зарим ажиглагч үзэж байна. Хамгийн сүүлийн жишээ нь Палестин улс НҮБ-аар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж