Ардчилсан нам бодлогын нам болж шинэчлэгдэх зорилго тавьсан ч яг одоо мөнгөний сунгаа ид хүчээ авч байна. Сунгаа бүрийн цаана албан тушаал буй. Гэхдээ энэ нь өөр, өөрийн ханштай. Соёлтойгоор л дэнчин гэж нэрлээд байгаа болохоос биш.
Дүрэмд оруулсан өөрчлөлтөөр Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхийн тулд нэр дэвшигч бүр 6 сая төгрөгийн дэнчин төлөх ёстой. Хэрвээ аймаг, нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөх болбол дэнчингийн хэмжээ нэмэгдэнэ. Тодруулбал, нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөх бол 90 сая, аймгийн Ардчилсан намын даргад өрсөлдөх бол 20 сая, дүүргийн Ардчилсан намын даргад өрсөлдөх бол 15 сая төгрөгийн татвар тус бүр төлнө.
Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөгч бүр 240 сая төгрөгийн дэнчин тавьж байсантай харьцуулахад татвар нь бага харагдаж болох ч бодлогын нам болж шинэчлэгдэх зорилт тавьсан намд энэ зөв шийдэл мөн үү. Өмнө нь хэн мөнгөтэй, хэн хөрөнгөтэй нь намдаа сая, саяар нь хандив өргөөд өөдтэй, өнгөтэй албан тушаалд оччихдог байснаас яг юугаараа ялгарах юм бэ?.
Бэлтэй нь намынхаа гишүүдийг худалдаад авчихгүй гэж үү. Энэ тохиолдолд нам олигархуудынхаа халааснаас гарч чадах юм уу. Мөнгөтэй нь, мөнгөгүйнхээ өмнөөс төлөөд л өөрийнхөө хүсэл зоргоор хөдөлгөхгүй гэж үү.
Дэнчингээс болж, эмэгтэй гишүүд нь захаасаа бууж өгч эхэлж байна.
Аргагүй шүү дээ, Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхийн тулд 6 сая төгрөг төлнө. Дүүргийн Ардчилсан намын даргад өрсөлдөх болбол нэмж 15 сая төгрөгийн татвар төлнө. Энэ бол аль ч шатанд Ардчилсан нам эмэгтэй гишүүдээ шахаж эхэлж байна л гэсэн үг.
Хуучин Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүний 54-ыг нь эмэгтэй гишүүд бүрдүүлдэг байв. Шинэ дүрэмд зааснаар Үндэсний бодлогын хороонд байх энэ тоог буулгахгүй гэж заасан ч 6 сая төгрөгийн татвар төлөөд өрсөлдөх эмэгтэй гишүүд хэд гарч ирэх бол. Ихэнх нь боломжгүй тухайгаа ярьж байна.
Мөн Ардчилсан намын дөрвөн дэд даргын нэг нь эмэгтэй гишүүн байхаар дүрэмдээ заасан ч өрсөлдөхөд мөн л дэнчин тавина. Өөрөөр хэлбэл, дэнчингүй бол нэр дэвшигч хэчнээн ч боловсролтой, чадалтай, Ардчилсан намын үнэт зүйлийг тээгч байгаад нэмэргүй. Дэнчинтэй, мөнгөтэй бол бор халзан төлөг ч байсан сонгогдоод гараад ирэхийг байг гэх газаргүй. Үндэсний бодлогын хороо байтугай бүхий л шатны сонгуульд өрсөлдөх эрх нээлттэй.
Хэдийгээр дэнчинг тавьснаар шууд сонгогдох боломж хязгаарлагдмал ч дэнчинд бүдрээд мэдлэгтэй, боловсролтой, чадалтай нь сунгаанд өрсөлдөхгүй болчихвол бор халзан төлөг л гарч ирнэ шүү дээ.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд сонгогдоно гэдэг бол энэ намын бодлогыг тодорхойлж гаргаж ирнэ гэсэн үг.
Гэтэл бодлого санаачилж, боловсруулж, зангидаж явах гол хүмүүсээ дэнчингээр барьцаалж нэг бол бусдын халаасанд хийгээд, нэг бол өрсөлдөх эрхийг нь хаагаад байвал Ардчилсан нам бодлогын нам болж, шинэчлэгдэж чадах уу, 2020 оны УИХ-ын сонгуульд ард түмний итгэлийг хүлээж чадах уу.
2012 оны УИХ-ын сонгуульд 35 суудал авч, эрх баригч хүчин болж байсан Ардчилсан нам 2016 оны сонгуульд ялагдал хүлээж, есхөн суудалтай болсон нь бодлого, үнэт зүйлээ тээгээд явах гишүүд, манлайлагчдаа дарж ирсэнтэй л холбоотой.
Энэ л алдааг давтахгүйн тулд Ардчилсан нам бодлогын нам болж, шинэчлэгдэхээр шинэтгэлийг эхлүүлсэн. Гэтэл өнөөдөр гишүүдээ мөнгөтэй, мөнгөгүйгээр нь босго тавьж ялгах нь зөв юм уу, ардчилагчид аа.
Г.ХОРОЛ