Дундговьчууд 70 жилийн ойгоо өргөн тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Дундговьчууд 70 жилийн ойгоо өргөн тэмдэглэв

Дуу хуурын өлгий хэмээн алдаршсан Дундговь аймаг үүсэн байгуулагдсаныхаа 70 жилийн ойг  Брагри Ёнзон Дамцагдоржийн мэлмий гийснийн 230 жилийн ой, Улсын их баяр наадамд зургаан удаа  түрүүлсэн амгалан төрийн ажнай шаргын дурсгалын хөшөө цогцолборын нээлттэй хамтатган өргөн дэлгэр тэмдэглэж баяр наадмаа хийлээ.

Ойн баяр наадмын нээлтэд  Монгол улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд,  УИХ-ын гишүүн Р.Рааш, Х.Наранхүү нар оролцлоо. Ойн үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Дэрэн сумын малчин, алдарт уртын дуучин Г.Дадьсүрэнд “Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн” төр захиргааны ахмад ажилтан, хүүхдийн паркийн захирал Г.Энхтүвшинд “Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан”  аймгийн нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Л.Болормаад “Монгол улсын хүний гавьяат эмч” цол хүртээснийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд гардууллаа. Мөн Дэрэн сумын Засаг дарга М.Сосорбурам, Говь-Угтаал сумын хүний их эмч Д.Данзансамбуу нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Өлзийт сумын Засаг дарга Ш.Энхбат, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Д.Дулмаа нарын олон хүн “Алтан гадас” одонгоор  шагнагдлаа.

Ойн баярын хөтөлбөрт орсон нэг  том үйл явдал бол улсын их баяр наадамд зургаа түрүүлсэн амгалан төрийн ажнай шарга азарганы сүрлэг хөшөөний нээлт   байлаа. Мандалговь хотод сүндэрлэн боссон наран ургах зүг янцгаан давхиж яваа шарга азарганы хүрэл баримал бүхий энэ хөшөөний нээлтэд зориулан 600 лам хувраг  ном айлдаж,  600 уртын дууч, морин хуурч ая дуугаа өргөн барилаа.  Ажнай шаргын алдрыг мөнхжүүлсэн хөшөөний нээлтэд зориулан шарга азарганы эзэн, Дундговь аймгийн нийслэл дэх нутгийн зөвлөлийн дарга, “Мон-Уран” компаны захирал Батсүхийн Наранхүүд аймгийн ард түмнээс найман шарга морь, эртний хийцийн арван цагаантай  хээнцэр эмээл, мөнгөн хазаар, хударгатай хурдан удмын хээр морийг бэлэглэлээ. Б.Наранхүү даргатай Дундговь аймгийн нийслэл дэх нутгийн зөвлөл энэ наадмын  зургаан насны хурдан морины уралдааны түрүүг “Ланд-200” жип машинаар байллаа.

Түүнчлэн Богд хаант Монгол улсын сангийн яамны анхны сайд, Түшээтхан аймгийн чуулган дарга асан, цогт эх оронч Гааданбалын Чагдаржавын морьт хөшөөг Мандалговь хотын төв талбайд залж нээсэн юм. Мөн 700 морин хуурч, уртын дуучдын ая эгшгийн бага наадам болж энэ үеэр олон арван ардын авьяастанд засгийн газрын болон аймгийн Засаг даргын шагнал гардууллаа.

Баяр наадмын нээлт сүрлэг сайхан болж дуу хуурын орон гэгдэн алдаршсаны утга  агуулгыг гүн гүнзгий илэрхийлсэн өргөн олон нийтийн жагсаалт үзүүлбэр, урлаг, уран сайхны тоглолт болсон нь наадамчин олны сэтгэлд нийсэн юм.

Баяр наадмын хурдан морины уралдааны нас болгон 120-220 хүрч уралдсан нь эл наадам хэр өргөн дэлгэр болсныг илтгэнэ. Хурдан морины уралдаанд Дундговь аймгийн  Адаацаг сумын уяач  Дашдэлэгийн Сүхбаатарын буурал азарга,  Төв аймгийн Бүрэн сумын уугуул Улам-Өрнөхийн саарал их нас, Дундговийн Хулд сумын Ш.Батбаатарын бор соёолон,  Адаацаг сумын Х.Доржхоролын зээрд халзан хязаалан, мөн аймгийн Өлзийт сумын Ч.Баяраагийн зээрд халзан шүдлэн, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Д.Хишигжаргалын шарга даага түрүү магнайлж алтан медалаар мялаалган уясан эзэд нь амгалан төрийн ажнай шарга азарганы дүрс бүхий цагаан өнгийн “Ланд-200” машины эзэн боллоо. Ийнхүү зургаан “Ланд-200” машины дөрөв нь нутагтаа үлдсэн юм. Харин УИХ-ын гишүүн Р.Раашийн бор азарга хүүхэдгүй түрүүлэн ирсэн ч баяр наадмын хуулийн дагуу таван байраар ухарч зургаад баригдлаа.   Мөн аймгийн Ардчилсан намаас түрүү морины унаач хүүхдүүдийг “Монгол 2020” гэсэн үсэг бүхий алтан цом, өргөмжлөлөөр шагнасныг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Б.Ургамалцэцэг, аймгийн Ардчилсан намын дарга Л.Данзанноров нар гардуулсан юм.

Үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтнууд оролцсон 256 бөх барилдсанаас аймгийн арслан А.Алтанхуяг түрүүлж улсын харцага Л.Пүрэвжав үзүүрлэлээ. Энэ үеэр Дундговь аймгийн нийслэл дэх нутгийн зөвлөл, Хүннү компаниас улсын наадамд гурван удаа дөрөв давсан аймгийн арслан А.Алтанхуягийг Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх  шинэ хорооллын 2 өрөө байраар шагнасны түлхүүрийг гардуулав.

Баяр наадмын үеэр аймгийн үе үеийн дарга Ц.Адьяа, Т.Наранхүү, Б.Дамдинсүрэн, З.Жанжаадорж, Н.Чагнаа, Ж.Хүүхэнбаатар, Ж.Адьяа, Ш.Төрбат, Хөдөлмөрийн баатар Ё.Норовсүрэн, Л.Дашням, Б.Дашзэгвэ, Дашдорж, УИХ-ын гишүүн Р.Рааш, Х.Наранхүү  нарыг “Аймгийн хүндэт иргэн”-ээр өргөмжилж  хүндэт иргэний одонг гардуулав.

Дуниартсан боржгин аялгуутай  Дундговийн наадам сайхан боллоо гэсэн яриа Дундговиор нэг дуурслаа. Энэ тухай олон арван  зочин  сэтгэгдлээ ярьж байна.

Аймгийн даргаар 1951-1954 онд ажиллаж байсан, одоо 90 настай Ц.Адьяатай уулзахад, тэрбээр “Миний ажиллаж байсан тэр үед наад зах нь зочид буудал байсангүй.  Гэрэл цахилгаан байгаагүй. Тэр бүхнийг шийдэж байсан маань үлгэр домог шиг санагдаж байна. Бид хөдөө сумдад очоод сумын даргынд хоног төөрүүлж байлаа, Одоо сайхан болсныг сүүлийн 13 жилд 2 удаа ирэхдээ харлаа” гэж өгүүллээ.

Харин тус аймгийн дарга асан Т.Наранхүү “Би хил залгаа Өмнөговийн хүн. Хорь гаруй насандаа энэ аймгийн даргаар томилогдон ажиллаж байлаа. Тэр үед миний багт эрдэм боловсрол өндөр биш ч амьдралын хар ухаантай, ажлын баялаг туршлагатай олон хүн ажиллаж байсны ачаар би цаашдын удирдах ажлын дадлага туршлагаа эндээс олж авсан” хэмээв. Бөх сонирхогч, тус аймагт ажиллахаас өмнө Усны аж ахуйн яамыг тэргүүлж байсан З.Жанжаадорж ч энэ санааг давтан өгүүлж байна лээ. Дундговийн наадам хэр өргөн болсныг захын хүн ам сайтай өгүүлэх ч Мобиком гурван өдөр сүлжээгээ даахгүй алба ажил амжуулалгүй олныг бухимдуулсныг хэлэлтэй.

Дуниартсан боржгин аялгуутай Дунд л говийн наадам сайхан боллоо.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж