ОУВС: Ирэх сарын 10-наас урьтаж төсвөө тодотгохыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2017.03.09-нд нийтлэгдсэн

ОУВС: Ирэх сарын 10-наас урьтаж төсвөө тодотгохыг хүсэв

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан /ОУВС/-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.

Уг хөтөлбөрийн хүрээнд 440 сая ам. долларыг төлбөрийн тэнцлийн хүндрэлийг арилгахад хэрэгжүүлнэ. Мөн Дэлхийн банк, Япон, Солонгосын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гурав хүртэл тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухай Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэж буй.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн З.Нарантуяа, Л.Болд Б.Пүрэвдорж нар өнөөдөр ОУВС-ийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакертай уулзаж, тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газартай тохиролцсон хэлэлцээрийн талаар болон бусад асуудалд хариулт авлаа.

ОУВС-ийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакерын хэлж буйгаар 440 сая ам.доллар Монголбанкинд шууд төвлөрнө. Үүгээрээ Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусад хандивлагчдын тусламжаар орж ирж байгаа хөрөнгө нь төсвийн дэмжлэг мөн тодорхой хэсэг нь төслийн санхүүжилтэд зарцуулагдах юм байна. 

Бусад хандивлагчдаас орж ирж байгаа дэмжлэг нь эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацаа урт бөгөөд маш бага хүүтэй дэмжлэг болно.

Төсвийн алдагдал өндөр байгаа учраас төсвийн алдагдлыг төсвийн тогтвортой байдлын хуульд заасан хувь хэмжээнд аваачихад хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа гэдгийг ч тэрбээр уулзалтын үеэр хэллээ.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд ОУВС-ийн хөтөлбөр болон бусад дэмжлэг болох гурван тэрбум долларын ач холбогдлыг ойлгож байгаа ч манай улсын нийт өрийн хэмжээг улам нэмэгдүүлэхээс болгоомжилж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн төсөвт суусан байгаа төсөл хөтөлбөр гэхээсээ илүү үр ашигтай төслүүдэд санхүүжилт өгөхөд илүү анхаарч ажиллана гэдэгт нь найдаж байгаагаа хэллээ. 

Мөн УИХ 2016, 2017 оны улсын төсвийг батлахдаа зайлшгүй зардал, хэрэггүй урсгал зардлуудаа бууруулаагүй, дотооддоо өөрсдийн чадах хэмнэлтийг хийж чадаагүй. Энэ тал дээр ОУВС анхаарал тавихгүй шууд татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг нэмэх болсон шалтгааныг тодруулж, энэ нь иргэдийн зүгээс маш их шүүмжлэл дагуулж байгааг хэлсэн юм. 

ОУВС-гийн суурин төлөөлөгч нийгмийн халамжийн зардлыг танахгүй байх хатуу байр суурьтай байгаагаа хэлэв. Тухайлбал, хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд нь өгөхөөр шийдвэрлэж, үлдсэн 20 хувийг нь хүнсний талон хэлбэрээр олгохоор ярилцаж байна. Ойрын хоёр жилд төрийн албан хаагчдын цалинг огт нэмэгдүүлэхгүй байхаар ярилцсан гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа ОУВС-гаас эдийн засгийг эрүүлжүүлэх зөв шаардлагыг тавина гэж хүлээж байсан. Гэхдээ төрийн үр ашиггүй урсгал зардал болон улстөржсөн амлалт маягийн нийгмийн зардлуудыг танах талаар Засгийн газартай хийх хэлэлцээртэй тусгах саналыг дахин илэрхийлсэн. Мөн тэрбээр хүүхдэд зориулагдаж байсан мөнгөний тодорхой хувь хэнд очих гэж байгаа нь тодорхойгүй болж байна. Мөн тэтгэврийн насыг хойшлуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэх тухай асуудлуудаас гадна татварын бус нөхцөлөөр орлого төвлөрүүлэх боломж байсан гэдгийг хэллээ. 

ОУВС-ийн суурин төлөөлөгч “Ирэх сарын 10-наас өмнө Монгол Улсын Их хурал 2017 оны төсвийн тодотголоо батлах ёстой. Төв банкнаас арилжааны банкуудад хөндлөнгийн гадны байгууллагаар аудит хийлгэж эхэлсэн байх. Мөн төв банк төсөвтэй адилтгах ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхгүй гэсэн урьдчилсан гурван нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Эдгээр урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн асуудал ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэнэ гэдгийг уулзалтын төгсгөлд хэллээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж