Хилийн тухай хуулийн эх бичвэрийн хувийг гардуулах ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2017.03.09-нд нийтлэгдсэн

Хилийн тухай хуулийн эх бичвэрийн хувийг гардуулах ёслол боллоо

24 жилийн өмнө баталсан Хилийн тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд шинэчлэн баталсан билээ. Тэгвэл өнөөдөр хуулийн эх бичвэрийг ХХЕГ-т гардуулах ёслол боллоо. Хуулийн эх гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүд, ХХЕГ-ын бие бүрэлдэхүүн оролцов.    

Ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, “Үндсэн хуульд Монгол Улсын хилийг хуулиар бататгана. Монгол Улсын хил халдашгүй дархан байна” хэмээн заасан билээ. Үндсэн хуулийн энэхүү тулгуур хэм хэмжээг хэрэгжүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс 1993 онд Монгол Улсын Хилийн тухай бие даасан хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэн бөгөөд улс орон нийгмийн шинэ харилцаанд шилжих явцад түүхэн үүргээ бодитойгоор биелүүлж чадсан юм. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, 2002 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан Төрөөс хилийн талаар баримтлах бодлого зэрэг тулгуур баримтлалтай нийцүүлэн УИХ-аас өнгөрсөн онд Хилийн тухай хуулийг шинэчлэн баталлаа” гэсэн юм. Мөн сайд С.Бямбацогт хилчдэд хандан ”-Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиа сайтар судалж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хилчин нэг бүр бүрэн хэрэгжүүлж ажиллах

-Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газар болон ХЗДХЯ-ны төвшинд батлагдан гарах эрх зүйн хэм хэмжээний актуудыг шуурхай боловсруулж, батлуулах

-Бүс нутаг, хил залгаа орнуудын хэмжээнд терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, хүн худалдаалах, зэвсэг хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг онцгой анхаарч ажиллах

-Улсын хилээр зорчигч болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулж, хилийн боомтын аюулгүй байдлыг найдвартай хангаж, боомт дээр гарч болзошгүй хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсооход үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах

-Улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх ажиллагаанд орчин үеийн өндөр технологийг өргөнөөр нэвтрүүлэх, бүрдүүлэх талын арга хэмжээг авах

-Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлагатай албыг зөвхөн хилийн албанд чин сэтгэлээ өгсөн хүн хашиж чаддагийг анхаарч, хүний нөөцийн бэлтгэх, сургахад онцгой анхаарал хандуулж ажиллахын хамт албаа урвуулж ашиглах, эрх мэдлээ хэтрүүлэх, иргэдтэй зохисгүй харилцах явдалтай хил хамгаалах байгууллагын удирдлага эвлэрэхгүй тэмцэхийг үүрэг болгож байна” гэлээ.

Ёслолын арга хэмжээний үеэр ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн Хилийн тухай хуулийг боловсруулж, батлуулахын төлөө тууштай ажилласан ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлээд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, тус яамны газрын дарга П.Сайнзориг, Т.Нармандах нарт Хил хамгаалах албаны тэргүүн дээд шагнал“Сүлдэт багана” шагналыг гардууллаа. 


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААН ДЭЭР ХЭЛСЭН ҮГ

Эрхэм нөхөд өө !

Эрхэм хилчид ээ !

Өнөөдөр туурга тусгаар Монгол Улсынхаа торгон хилийг манаж, туг сүлд нь босоо хийморьтой эх орноо хамгаалах тангараг өргөсөн хилчдийн маань хувьд түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байна.

Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болсон Улсын Их Хурлаас 2016 оны 12-р сарын 28-нд баталсан Монгол Улсын Хилийн тухай хуулийг та бүхэнд гардуулан өгч байгаадаа сэтгэл маш өндөр байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын хилийг хуулиар бататгана” хэмээн заасан билээ. Үндсэн хуулийн энэ тулгуур хэм хэмжээг хэрэгжүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс, 1993 онд Монгол Улсын хилийн тухай бие даасан хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэн бөгөөд улс орон нийгмийн шинэ харилцаанд шилжих явцад Монгол Улсын хилийн баталгаажилт, хамгаалалтын эрх зүйн үндсэн баримт бичиг болж, түүхэн үүргээ бодитойгоор хэрэгжүүлж чадсан юм.

Энэ хугацаанд дэлхий дахинд даяаршлын үйл явц хурдтай өрнөж, улс үндэсний аюулгүй байдлаа хангах үзэл баримтлалын өөрчлөлт, бүс нутаг, хил залгаа улсуудын улс төр, нийгэм эдийн засаг, хилийн бүс нутгийн хөгжил эрчимтэй явагдаж байна.

Үүний зэрэгцээ үндэстэн, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмын аюул , хүн худалдаалах, хар тамхи, мансууруулах бодис, зэвсэг галт хэрэгслийг хууль бусаар улсын хил нэвтрүүлэх болон бусад зөрчлүүд түгээмэл болсон нь улс орнуудын хилийн аюулгүй байдлын орчинд тодорхой нөлөөллийг үзүүлж байгаа болно.  

Эдгээр хүчин зүйлсийн нөлөөллөөр Монгол Улсын хилийн нөхцөл байдал өөрчлөгдөж, хилийн аюулгүй байдлын эрх зүйн орчинг боловсронгуй болгох зүй ёсны шаардлага урган гарсан юм.

Иймд Монгол Улсын Хилийн тухай хуулийг боловсронгуй болгох, олон улсын эрх зүйн зарчим, хилийн болон боомтын асуудлаар байгуулсан Монгол Улсын Олон улсын гэрээ хэлэлцээр, 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, 2002 онд УИХ-ын 20-р тогтоолоор батлагдсан “Төрөөс хилийн талаар баримтлах бодлого” зэрэг төрийн тулгуур баримт бичгийн үзэл баримтлал, агуулгатай нийцүүлэх, Монгол Улсын хилийн аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах, хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомт, түүнд мөрдөх журмын зохицуулалтыг боловсронгуй болгох, хилийн нөхцөл байдал, байгаль, цаг агаар, газарзүйн онцлогт тохируулан улсын хил хамгаалалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулах, хил хамгаалах байгууллагын тогтолцоо, түүний алба хаагчдын эрх зүйн байдал, улсын хил хамгаалалтад иргэн байгууллагын оролцоог шинэчлэн тодорхойлж хуульчлах нь онцгой ач холбогдолтой болсон юм.

Энэхүү шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Хилийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд та бүхэн дараах зүйлд илүү анхаарч ажиллавал зохино.

Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиа сайтар судалж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хилчин нэг бүр бүрэн хэрэгжүүлж ажиллах.

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын болон Хууль зүй, дотоод хэргийн яамны түвшинд батлагдах эрх зүйн хэм хэмжээний актуудыг шуурхай боловсруулж, батлуулах.

Бүс нутаг, хил залгаа орнуудын хэмжээнд терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, хүн худалдаалах, зэвсэг галт хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх зэрэг зөрчлийн хамрах хүрээ өсч буй өнөөгийн нөхцөлд хил дамнасан гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах.

Улсын хилээр зорчигч болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулж, хилийн боомтын аюулгүй байдлыг найдвартай хангаж, хилийн боомт дээр гарч болзошгүй хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсооход үйл ажиллагаагаа төвлөрүүлэх.

Улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны үйл ажиллагаанд орчин үеийн өндөр технологи, зориулалт бүхий техник хэрэгслүүдийг өргөнөөр нэвтрүүлэх, энэ боломжийг бүрдүүлэх бүх талын арга хэмжээг авах.

Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлагатай албыг зөвхөн хилийн албанд чин сэтгэлээ өгсөн хүн хашиж чаддагийг анхаарч, хүний нөөцийг сонгох, сургаж бэлтгэхэд онцгой анхаарал хандуулж ажиллахын хамт албаа урвуулан ашиглах, эрх мэдлээ хэтрүүлэх, иргэдтэй зохисгүй харьцах явдалтай хил хамгаалах байгууллагын удирдлага эвлэрэхгүй тэмцэхийг үүрэг болгож байна.

Монгол Улсын Хилийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар улсын хилийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин илүү сайжирч, хил хамгаалах байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх төдийгүй орчин цагийн Монгол Улсын хил хамгаалах шинэ тогтолцоо бүрдэх бодит нөхцөл бий болсныг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын хил хэзээ ямагт халдашгүй дархан байж, хилчдийн маань яруу алдар мөнхөд бадрах болтугай.

Эх сурвалж: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж