Солонгост ажиллах хүчин: Бүсгүйчүүд гадаа хонолоо

Хуучирсан мэдээ: 2017.03.09-нд нийтлэгдсэн

Солонгост ажиллах хүчин: Бүсгүйчүүд гадаа хонолоо

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд жил бүрийн хавар бүртгүүлдэг. Гэхдээ тэд эхний ээлжинд солонгос хэлний шалгалтад орохоос өмнө бүртгэлээ баталгаажуулдаг билээ. Энэ жилийн ээлжит 11 дэх удаагийн шалгалтын бүртгэл эхэлсэн. Энэхүү бүртгэлийн сүүлийн өдөр өнөөдөр юм. Бүртгэл хэрхэн болж буй талаа энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлтгэхээр Мустафа Кемал Ататуркийн нэрэмжит нийслэлийн V сургуулийг зорьсон юм. 

БҮРТГЭЛИЙН СҮҮЛИЙН ӨДӨР ӨНӨӨДӨР

Энэ жилийн солонгос хэлний шалгалтад 8000 хүн бүртгэж авах зар тараад байсан. Гэхдээ эдгээр бүртгүүлсэн иргэдээс хамгийн өндөр оноотой 1500 хүнийг тэнцсэнд тооцох юм. Энэхүү шалгалтыг БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулдаг бөгөөд шалгалтын бүртгэлийг гурав хоногийн хугацаанд авах хэрэгтэй гэсэн зааварчилгааг ирүүлжээ. Тиймээс аймаг, нийслэлийн иргэд Хөдөлмөрийн хэлтсээс бүртгэлээ авч байгаа юм. Бүртгэл гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болсон бөгөөд өнөөдөр сүүлийн өдөр.

Нийслэлийн V сургууль дээр Чингэлтэй дүүргийн иргэд бүртгүүлж байгаа. Энд бусад дүүргүүдийн адил квот өгсөн. Өдөрт 300 хүн бүртгэнэ гэсэн тоог авсан ч гуравдугаар сарын 7-ны өдрийн оройн 17.30 цагийн байдлаар энэ тоо хэдийн гүйцжээ. Тиймээс өдөржин бүртгүүлэх гэж зогссон иргэд бухимдалтай үлдлээ. Өдөржин зогсоод бүртгүүлж амжаагүй иргэдийн дунд шөнө ч хоноод зогссон иргэд байв. Энд цугласан иргэд Өмнөд Солонгост улсад очвол өндөр цалинтай ажил хийж, санаа амар амьдралыг хүсч байлаа. Мэдээж тэдний ихэнх нь 20-30 орчим насны залуучууд байгаагаас гадна эмэгтэйчүүд ч оочирлож байгаа харагдана.

МАРТЫН 8-НЫ ШӨНӨ ГАДАА ХОНОСОН ЭМЭГТЭЙ Ч БАЙНА

Солонгос хэлний шалгалтад бүртгүүлэх иргэд зохицуулах аргаа олжээ. Мартын 8 буюу өчигдөр /2017.03.08/ 21.30 цагийн байдлаар хэдийн 200 гаруй хүн цуглажээ. Учир нь урьд шөнө нь зогсч оочир авахгүй бол маргааш бүртгэлийн тоо дуусахыг тэд хэлж байв. Шөнө ирсэн иргэд нэр, утасны дугаараа бүртгүүлж, оочирлох ёстой. Тиймээс тэд сүүлийн шөнө юм чинь дахин хоноглохоос халгаасангүй. Бүртгүүлэхийг хүссэн иргэдийн ихэнх нь залуучууд. Тэдний дунд эмэгтэйчүүд байна. Мартын 8-ны шөнө V сургуулийн гадаа хоносон олон эмэгтэй байна. Тэдний нэг нь ийн ярьж байна.

-Та энд хэдэн цагт ирсэн бэ?

-Оройны 19.00 цагаас хойш сураглаж эхэлсэн. Би гуравдугаар сарын 7-д ирээд оочирлосон ч бүртгүүлж чадаагүй. Тиймээс өнөөдөр дахин ирлээ. Ямар ч байсан өнөө шөнө хонохоор болсон.

-Өнөөдөр /өчигдөр/ таны хувьд баярын өдөр. Гэсэн ч гадаа үнэхээр хонох гэж байна уу?

-Тийм ээ. Өнөөдөр миний хувьд баярын өдөр. Энд хонох гэсэн эмэгтэйчүүд олон байна. Та харж байгаа биз дээ. Манай нөхөр хөдөө ажилладаг. Бид хоёр хүүхэдтэй. Харин би нөхөртэйгөө зөвлөж байгаад бүртгүүлэхээр болсон. Солонгос хэл сайн мэдэхгүй ч гэсэн бүртгүүлээд авсны дараа сургалтад сууна даа. Гол нь бүртгүүлэх л чухал байна гэсээр тэр оочиртоо орсон.

Биднийг ярилцах хооронд тэнд ирсэн эмэгтэйчүүд 20 орчим болсон юм. Энд дугаарлаж байгаад бүртгүүлчих гэсэн залуус ахлагчийн үгэнд орж, нэрээ бичүүлэн зогсоолдоо орсон. Мэдээж эдгээр иргэдийн хэдийг нь өнөөдөр бүртгэж авахыг мэдэхгүй. Учир нь гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө оочирлож зогссон иргэд дунд маргааш нь бүртгүүлж чадаагүй тохиолдол гарсан.

СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХИЙН ТУЛД ИРГЭД ШӨНӨ ХОНОДОГ БАЙНА. 2017.03.08. 21.30. НИЙСЛЭЛИЙН V СУРГУУЛЬ

БНСУ-ААС МЭРГЭЖИЛТЭН ИРЖ ШАЛГАЛТЫГ АВАХ АЖ

Зөвхөн улсын хэмжээнд 8000 хүн бүртгэж, солонгос хэлний шалгалтад оруулах зар түгсэн. Гэхдээ тухайн хэсэгт өгсөн норм гүйцэх юм бол бүртгэлгүй хоцрох олон иргэд байв. Тиймээс тэд урьд шөнө нь оочроо авах аж. Бүртгэлийг цахимаар хийгээд энд баталгаажуулаад явсан бол хурдан байхыг олон иргэд хэлж байсан. Харин шалгалтын товыг Хөдөлмөр, Халамж үйлчилгээний ерөнхий газрын hudulmur-halamj.gov.mn сайтаар гуравдугаар сарын 27-ны өдөр зарлах аж.

БНСУ-аас солонгос хэлэнд сайн иргэдийг бүртгүүлэхийг сануулсан. Мөн солонгос хэлний шалгалтад ороод тэнцсэн хэр нь ажиллуулах санал ирэхгүй байх магадлалтайг сануулж байв. Өнгөрсөн жил тэнцсэн иргэдээс БНСУ-аас ажлын санал ирээгүй байгаа олон иргэд байгаа аж. Энэ жил бүртгүүлж байгаа иргэд 24 ам.доллартай тэнцэх төгрөг буюу 60 мянган төгрөгийг банканд тушаасан байх ёстой. 8000 иргэнээс 192 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 470 гаруй сая төгрөг цуглах аж. Энэ нь шалгалтын бүртгэл болон үйл ажиллагаатай холбоотой зардал болохыг албаныхан хэлсэн. Мөн шалгалтыг БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулж авдаг учраас тэндээс албаны хүмүүс ирдгийг хэлж байв.

Энэ жил бүртгүүлэх гэсэн иргэдээс цагдаагийн тодорхойлолт болон бусад баримтыг шаардахгүй байгаа аж. Гэхдээ худал мэдүүлснээс үүсэх зардал, хохирлыг иргэн өөрөө хариуцна. Бүртгэлд 1977 оноос 1999 оны иргэд хамрагдах боломжтой бөгөөд ял эсвэл түүнээс хүнд ялтай гэмт хэрэгт холбоогүй байх, БНСУ-ыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх гэсэн Монгол Улсын иргэнийг бүртгэж байгаа юм.

Аймаг, нийслэлд болж буй солонгос хэлний шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана. Гэхдээ зарим хэсэгт бүртгүүлэгчид олон байгаа учраас тогтоосон квот гүйцэх тохиолдолд бүртгэл зогсохыг албаныхан хэлж байв.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж