Энэтхэгийн алтны эрэлт өслөө

Хуучирсан мэдээ: 2017.03.09-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн алтны эрэлт өслөө

Энэтхэг алтны хэрэглээгээр ямагт л лидер байж ирэв. Тус оронд хурим найран дээр алт бэлэглэдэг. Их хэмжээгээр шүү. Энэтхэгчүүд алтанд дуртай. Харин өнгөрсөн жилд алтны эрэлт тодорхой шалтгаанаар унасан ч алтанд дурласан сэтгэл нь хэвээр үлджээ.

GFMS-ийн урьдчилсан мэдээгээр, Энэтхэгийн алтны импорт хоёрдугаар сард 50 тонн болсон нь өмнөх жилийн 27,4 тонноор унасан үеийнхээс 82 хувиар илүү гарчээ. Ер нь бол Энэтхэгийн алтны импорт 44%-иар унасан нь 13 жилийн дотор хамгийн доогуур байлаа.

Одоогийн импортын өсөлтөд жижиглэнгийн худалдан авагчдын эрэлт, хуримын улирал эхэлж байгаа зэрэг нь нөлөөлжээ. Биет алтны үнэ нь спот-үнэтэй харьцуулахад Энэтхэгт 10 хувийн төвшинд тогтворжжээ. Сануулахад, Ерөнхий сайд Моди эдийн засгийн мөнгөний бодлогыг өөрчлөхөөр мэдэгдсэнтэй давхцаж байгаа юм.

Өнгөт металлын дэлхийн хоёр дахь том хэрэглэгч Энэтхэгийн эрэлт өссөн нь дэлхийн алтны үнийг дэмжих болно гэсэн найдлага байгаа гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ сүүлийн хоногуудад алтны үнэ шахалтад байгааг бид харж байна. Тэр нь нэн түрүүнд АНУ-ын Холбооны нөөцийн системийн бодлого ба доллар чанга байгаатай холбоотой. Нөгөө талаасаа алт сүүлийн гурван сар гаруйн хугацаанд өөрийн дээд хэмжээний орчимд байгаа юм. Гуравдугаарын сүүлээс эхлэн Энэтхэгийн хэрэглэгчдийн зүгээс эрэлт нь буурах магадлал бий. Учир нь үнийн өсөлт худалдан авагчдын нэг хэсгийг айлгах нь тодорхой.

Өнгөрсөн долоо хоногт зах зээл дээр сонирхолтой зүйл ажиглагдсан. Европын худалдааны талбарууд хаагдсаны дараа өөр үнэт металл болох мөнгөний хүчтэй арилжаа хийсэн байлаа. Хэн нэгэн нь нэгэн цагийн дотор зах зээлд 23 мянган гэрээг хийжээ. Үүний улмаас мөнгөний үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш хамгийн хүчтэйгээр уналаа.

Алтны зах зээл ба хөдөлгөөн

Дэлхийн инфляцийн өсөлт нь алтны үнийг нэмэгдүүлнэ гэж шинжээчид хэлж байна. АНУ-ын Холбооны нөөцийн системийн хорин хэдэн жил толгойлж байсан Алан Гринспен ингэж дүгнэжээ.

АЛАН ГРИНСПЕН:

"Инфляцийн мэдэгдэхүйц өсөлт нь алтны үнийг нэмэгдүүлж ирсэн. Алтанд оруулж байгаа хөрөнгө оруулалт нь нэг ёсондоо богино хугацааных биш харин ирээдүйн даатгал гэсэн үг. Ер нь алт бол миний бодлоор дэлхийн үндсэн валют юм. Алт цаг ямагт л мөнгөнөөс дээгүүр тавигддаг. Төлбөр хийх өрийн үүргээ биелүүлэх хэрэгсэлдээ хэн ч алтнаас татгалзаж байгаагүй.

Зээлийн хэрэгсэл ба фиатын (итгэлийн) валютууд нь алтны зээлийн чадвараас л хамааралтай. Алт нь мөнгөний хамт дотоод үнэлгээг агуулсан цөөн валютуудын нэг юм. Тийм ч байж ирсэн. Хэн ч тэдний үнэлгээнд эргэлздэггүй. Манай эринээс өмнөх 600 оноос эхлэн түүнийг Бага Азид хэрэглэж эхэлснээс хойш дандаа үнэтэй товар гэж тооцогдож ирсэн билээ”.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж