БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах тухай Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн жагсаалын үеэр хоёр хүн амь үрэгджээ. Пак Гын Хэг дэмжигчдийн зохион байгуулсан жагсаалын үеэр амиа алдсан хоёр хүний нэг нь Ким овогт 72 настай эрэгтэй байжээ. Тэрээр өнөөдөр 13.00 цагийн орчимд Сөүл хотын төвд орших Үндсэн хуулийн шүүхийн байрны ойролцоо толгой тус газраасаа цус алдаж, нас барсан тухай цагдаагийн байгууллага мэдээлэв. Амиа алдсан өөр тохиолдлын тухай одоогоор мэдээлэл гараагүй байна.
Цагдаа нар хэргийг шалгаж эхэлжээ.
Авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон Пак Гы Хэг огцруулах эсэх асуудлаар тус улсын парламент өнгөрсөн арванхоёрдугаар сард санал хураалт явуулж, огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Улмаар Үндсэн хуулийн шүүх хэргийг хянан шалгаж, парламентын санал хураалтын дүнг дэмжсэн юм.
Үндсэн хуулийн шүүх шийдвэрээ танилцуулсны дараа Өмнөд Солонгосын Батлан хамгаалах сайд Хан Мин Кү мэдэгдэл гаргаж, цэргийн бие бүрэлдэхүүнийг бэлэн байдалд ажиллахыг тушаасан байна. Учир нь дотоодод үүсээд буй тогтворгүй байдлыг далимдуулан Хойд Солонгосын талаас өдөөн хатгалга явуулж болзошгүй гэж сэрэмжилж буй тухай “Associated Press” мэдээлэв.
Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан тушаалаасаа огцорсноор одоо тус улсад 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зохион байгуулах юм.
С.ЦЭЛМЭГ