Wikileaks нь АНУ-ын тусгай албадын арга хэрэгслийг дэлгэж, америкчуудын аюулгүй байдлыг алдагдуулж байна хэмээн АНУ-ын Тагнуулын төв газар буруутгалаа.
“Wikileaks мэдээлэл дэлгэх болгонд америкчууд санаа зовних учиртай, учир нь, эдгээр мэдээлэл нь террористууд болон бусад дайснаас АНУ-ыг хамгаалах тагнуулын нууц албанд хохирол учруулах зорилготой” хэмээн Тагнуулын төв газрын албан ёсны төлөөлөгч Хезер Фриц Хорниак хэвлэлд мэдээллээ.
Өнгөрсөн Мягмар /2017.03.07/ гаригт Wikileaks ээлжит нууц баримтуудаа дэлгэсэн юм. Мянга гаруй баримт дэлгэсний дотор компьютер болон ухаалаг утсанд суулгадаг вирусний тухай, мөн ухаалаг телевизорыг чагнах төхөөрөмж болгон хувиргадаг программын тухай баримт материал байсан юм.
Тагнуулын төв газар болон Холбооны мөрдөх товчоо хамтран мэдээлэл хаанаас алдагдсаныг тодруулахаар шалгалтаа эхэлжээ. Америкийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар эдгээр мэдээллийн эх сурвалж нь одоо ажиллаж байгаа тагнуулч байх магадлалтай ажээ.
Мягмар гаригт дэлгэсэн мэдээлэлд дурдсанаар АНУ-ын Тагнуулын төв газар Windows, Android, iOS, OSX, Linux үйлдлийн системтэй ухаалаг утас болох төхөөрөмж, мөн интернет руутеруудад вирус халдаан хакердах аргыг өргөн хэрэглэж байгаа ажээ.
“Эдгээр мэдээлэл тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг аюулд оруулж байгаагаас гадна манай дайснуудыг мэдээллээр хангаж, улмаар хор хохирол учруулна” хэмээн хатагтай Хорниак онцолжээ. АНУ-ын Тагнуулын төв газар хэзээ ч жирийн иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулдаггүй, хуулиараа энэ хориотой гэдгийг бас хэлсэн байна.
Мягмар гаригийн баримтууд бол АНУ-ын Тагнуулын төв газрын үйл ажиллагааны талаарх цуврал мэдээллийн эхний хэсэг болохыг Wikileaks онцолсон юм. Мөн эдгээр баримт АНУ-ын тагнуулын албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилтнуудын дунд аль хэдийн тарсан материал гэдгийг бас тайлбарлажээ.
А.ТУЛГА