Ньюс агентлагаас долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутэй вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг онцлон хүргэж байна.
Гадаад паспортын хугацаа нь дууссан бол сунгахгүй, шинээр олгож байгаа гэх мэдээлэл цахим хуудсуудаар тарсан юм. Гэвч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдэгдэж буйгаар "Олон улсын иргэний нисэхийн байгууллага 2004 онд сунгалт хийдэг, тамга, тэмдэг дардаг паспортыг хэрэглээнээс гаргах тухай гишүүн орнууддаа тунхаг бичиг гаргасан байдаг. 2015 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлэн хэрэглээнээс гаргана гэж хугацаа заасан. Үүнээс хойш манайх цахим гадаад паспортын бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд ирэх 2018 оны эхэнд цахим гадаад паспортыг иргэддээ олгохоор ажиллаж байна.
Гэхдээ одоогийн байдлаар гадаад паспортын сунгалтын ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Иргэдийн гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд иргэний бүртгэл мэдээллийн төв дээр 1-5 жилээр сунгаж байгаа." гэсэн албан ёсны хариултыг өгч байгаа юм.
Шинээр гадаад паспорт авах гэж байгаа хүмүүс Иргэний бүртгэл мэдээллийн төв, “Дүнжингарав”, “Драгон” гээд нийслэлийн есөн дүүрэг болон хөдөө орон нутаг, хилийн чанад дахь 40 гаруй дипломат төлөөлөгчийн газруудаас шинэ гадаад паспорт авах, сунгалт хийлгэх боломжтой аж.
Шинэ, хуучин гадаад паспортын хоорондын ялгаа нь, одоогийн хэрэглэж байгаа улаан паспорт 32 хуудастай. Шинэ нь 42 хуудастай чиптэй болсон. Чип дотор хувь хүний мэдээлэл агуулагдсан нүүр хуудастайгаар сүүлийн үеийн техник технологийн шаардлагад нийцсэн шинэ гадаад паспорт гаргахаар бэлтгэж байгаа юм байна. Түүнчлэн олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандартыг хангасан гадаад паспортыг 2018 оноос эхлэн иргэдэд олгох аж. Ирэх жилүүдэд шинээр гарах чиптэй паспортыг авсан хүмүүс тэрхүү паспортоо хэрэглэнэ. Улаан паспорттой бол түүнийгээ хэрэглэж боломжтой аж.
Т.НОМИН