-Угаадастай хамт ууршиж буй эрүүл мэндийн асуудлыг утаанаас дутуугүй дуугарах хэрэгтэй байна-
Одоогоос яг нэг жилийн өмнө Өвөрхангай аймгийн төв арвайхээрийнхэн нэгэн шинэ санаа сэдэж, угаадас хог хаягдлыг бага ч атугай бууруулж байсан юм. Тэр нь “нууц дуран”. Гадаа гудамжинд ил задгай хог хаяж, муу ус, угаадсаа асгаж буй хүмүүсийн тухай мэдээлж, зургийг нь авсан хүмүүсийг урамшуулах зорилго бүхий нууц дуран ажиллуулсан нь багагүй үр дүн өгсөн гэдэг.
Нийслэл хотынхон маань нууц дурантай болбол яасан юм бэ. Гэрийнхээ босгоноос гаднахыг хүнийх гэж үздэг аминчхан үзэлтнүүдээс болж, хаврын хаварт хөрсний бохирдол утаанаас дутуугүй асуудал дагуулдаг. Угаадсаа асгасан хүмүүс өөрсдөө л хөлдүүс дээр нь халтирч, гэсэнгүүт нь түүгээрээ амьсгалдаг гэвэл түүнээс худал зүйл үгүй. Хаврын хавсарга, салхиар дамжин агаарт дэгдэн ууршиж, нийслэлийнхэн бүгдээрээ хаягдлаар амьсгалахад хүрч байна.
Гэр хорооллын гудамж болгонд зам даган асгасан угаадас өвөлдөө хөлдөж, халтиргаа гулгаа үүсгэдэг. Зарим газрын гуу жалга дагуулан урсгасан угаадсан дээр хүүхдүүд гулгаж тоглож байхтай цөөнгүй таарсан. Ахуйн хэрэглээнээс гарсан муу ус ямар байдгийг бид бүгд мэднэ. Түүн дээр гулган тоглож буй хүүхдүүдийн өмссөн хувцас хичнээн бохирдож эрүүл мэндэд ямар аюул занал нүүрлэж байгааг таашгүй. Хэн нэгний гаргаж асгасан угаадсан дээр халтирч унахгүйн тулд айл хөршүүд нь мөсөн дээгүүр үнсээ асгадгаас хаврын цагт хайлсан цас мөс, үнс нурам нийлээд газрын хөрсийг асар ихээр бохирдуулсаар өнөөг хүрсэн. Бохирдсон хөрсөнд гэдэсний балнад, цусан суулга, хийт үхшил, боом, татран, халдварт саа, вируст гепатет зэрэг халдварт өвчин үүсгэгчид тодорхой хугацаагаар хадгалагдаж байдаг. Нийслэл хотын газар нутгийн 70 хувийг гэр хороолол эзэлдэг бол тэдгээрийн 50-60 хувь нь хөрсний бохирдолд өртсөн гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Гудамж талбайд ил задгай хаясан шингэн хог буюу угаадас нь хамгийн түрүүн амьсгалын замын өвчлөл, уушгины үрэвсэл, элдэв харшил үүсгэхээс гадна халдварт шар, бруцеллёз, цагаан хорхойн халдварт өвчний эх үүсвэр болдог байх жишээтэй. Жилийн дөрвөн улирлын турш хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлж буй хөрсний бохирдлыг утаанаас дутуугүй анхаарах, хөндөх сэдэв болоод байна.
Тиймээс эхний ээлжинд бохир ус, хог хаягдлаа хашаанаасаа гаргаад хаячихдаг хүмүүсийг илрүүлэх нууц дуран ажиллуулъя. Үүнд төсөв хөрөнгө ямар ч шаардлагагүй. Хүн бүр шахам смарт утастай болчихсон одоо цагт багахан урамшуулал амлаад л нууц дурангаа хөнгөхөөн шийдчихнэ. Харин тэрхүү урамшууллын санг нууц дуранд өртөж, ил задгай хог хаясан, угаадас асгасан хүмүүсийн торгуулиас бүрдүүлж болно. Хорооны хэсгийн ахлагч нар хэдэн айлаар ороод л энэ тухай дуулгахад нууц дурангийн хүчээр автобус унааны мөнгөтэй залгах хүүхэд, залуус зөндөө олдоно. Ингэж хариуцлага тооцохгүй бол соёлч боловсон амьдралын тухай суртал ухуулга, угаадастай хамт ууршиж буй эрүүл мэндийн талаарх сүрдүүлэг үр дүн авчрахгүй нь ойлгомжтой байна.
Уг нь газрын хөрс гэдэг өөрийгөө цэвэршүүлэх тогтоцтой байдаг ажээ. Ядаж гудамж талбайдаа хоггүй, угаадасгүй болчихвол хэсэгхэн газар ч бол сэргэх найдлагатай юм биш үү. Айл болгоны хашаан дахь жорлон, муу усны нүх гэж хөрсний бохирдлын гол эх үүсвэр бий. Олон арван жилийн турш нэг газарт байрласан гэр хорооллын бохирыг зохистойгоор шийдвэрлэх талаар санаа тавьж буй хүмүүс цөөнгүй бий. Тэдний шийдвэр, шийдлийг хүлээхийн хажуугаар гэр хороололд амьдарч буй хүмүүс дор бүрнээ нэгийг бодож, хоёрыг санаж байхаас аргагүй нь. “Би л угаадсаа асгадаггүй дэг” гэж биеэ өмөөрч суух зуур хөршийн чинь асгасан угаадас таныг, үр хүүхдүүдийг тань хордуулсаар байна.
Тиймээс өнөөдрөөс эхлээд л хүн бүр нууц дурангийн эзэн болъё.