Үндэсний томоохон компаниуд “Органик хүнсний тухай” хуулийг дэмжиж ажиллахаар боллоо. НОМИН ХОЛДИНГ компани 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн “Органик хүнсний тухай” хуулийг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжийг татан оролцуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор “Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах журам, аргачлалын төслийн танхимын II хэлэлцүүлэг”-ийг 2017 оны 03 дугаар сарын 09, 10-ний өдрүүдэд Номин Холдинг ХХК, ХХААХҮЯ-тай хамтран зохион байгуулж байгаа аж.
Органик хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, органик хүнсний бүтээгдэхүүний ач тусыг нийгэмд таниулан сурталчлах, баталгаажсан органик бүтээгдэхүүний дотоодын худалдааг идэвхжүүлэх, экспортын баримжаатай “Органик Монгол” бүтээгдэхүүн-хөгжлийн асуудлаар аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлэхэд талууд хамтран ажиллах зорилгоор 2016 оны 12-р сарын 5-ны өдөр санамж бичиг үйлдсэн бөгөөд үндэсний сүлжээ дэлгүүр үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллах нь хуулийн хэрэгжилтэд сайнаар нөлөөлнө гэдэгт талууд санал нэгдэж байгаа юм.
2017 оны 3-р сарын 9, 10-ны өдрүүдэд Номин Холдингийн төв оффис дээр зохион байгуулагдаж байгаа танхимын 2-р хэлэлцүүлэгт
- Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмын төсөл;
- Органик хүнсний орцын найрлага тооцох аргачлалын төсөл;
- Органик хүнсийг харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад тал хамтран баталгаажуулахад тавигдах шаардлага, бүртгүүлэх болон баталгаажуулалт хийх журмын төслийг хэлэлцэж байна.
Уг хэлэлцүүлэгт Номин Холдинг, Гацуурт, Мах Импекс, Монос хүнс гэсэн үндэсний томоохон компаниудын хүнсний салбарын мэргэжилтэн, хуульчид нэгдэн оролцож Бизнесийн салбарынханд Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудалд саналаа дэвшүүлж байна.
Мөн 3 төрлийн баталгаажуулалтын байгууллагаас өнөөдөр Монгол улсын хэмжээнд хамгийн бодитой, богино хугацаанд үйл ажиллагаа нь жигдрэх боломжтой, Харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулах Оролцооны баталгаажуулалтын байгууллагын журмын төслийг судлан хэлэлцэж байгаа аж.
Анхны жишиг Оролцооны баталгаажуулалтын байгууллага амжилттай бий болсноор Монгол хөрсөнд ургасан, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн Экспортын баримжаатай Органик монгол бүтээгдэхүүнүүд бий болгохын төлөө тэд дуу хоолойгоо нэгтгэж байна.