Хэдэн жилийн өмнө тэргүүн байрыг “Nokia” компани өрсөлдөгчгүй шахам тэргүүлдэг байсан бол харин одоо яг ийм төрлийн бизнест олон өрсөлдөгчид нэмэгдэж, түүний хэрээр технологийн өндөр дэвшил зэргээс шалтгаалан тэргүүлэгчийн байр хэдхэн хормын дотор солигддог болоод байгаа билээ. “Apple” компанийг тэргүүн байранд ороход дөрвөн жилийн өмнөөс худалдаанд гаргахаа зарлаж байсан iPhone4, iPhone3GS2-ийн борлуулалт болон шинэ тутам хөгжиж байгаа технологийн дэвшил зэрэг нь нөлөөлсөн гэх дүгнэлтийг мэргэжилтнүүд хийгээд байгаа юм.
Харин “Samsung” компанийн борлуулалт маш муу байгаа. Худалдаанд гарахаас нь өмнө нүсэр зар сурталчилгаа явуулж, компанийн зүгээс худалдааны тэсрэлт хэмээн өргөмжилж байсан Galaxy S II олон нийтэд хүрээгүй бөгөөд АНУ-д борлуулалтын хувь харьцангуй доогуур байгаа билээ. Судлаачдын үзэж байгаагаар “Samsung”-ийн борлуулалтад Apple компанийн явуулж байгаа зар сурталчилгааны ухаалаг санаа, хүнд ойлгомжтой энгийн линкүүд зэрэг хүчин зүйлсүүд давхар нөлөөлж байгаа гэнэ.
Харин нэгэн үе тэргүүн байранд бичигдэж байсан “Nokia” компанийн борлуулалт эхний хагас жилийн байдлаар 20 хувиар өсчээ. Үүнд мэдээж тус компанийн гаргаж байгаа шинэ төрлийн гар утаснууд нөлөөлж байгаа нь тодорхой. Мөн “Nokia” компани Samsung-ийн борлуулалтыг давахын тулд худалдааны шинэ тактик боловсруулсан нь ч нөлөөлсөн байж болох талтай. Тэд Хятад болон Европод борлуулалтаа өсгөх шинэ бодлого хэрэгжүүлээд удаагүй байгаа билээ.
Смартфоны зах зээлийн “аваргууд”-ын дундуур программ хангамжийн салбарын хамгийн том компани болох “Microsoft” орж ирлээ. Тус компани тун саяхан Windows phone 7 OS хэмээх шинэ загварын утсыг худалдаанд гаргаад байгаа юм. Гэвч “Nokia” болон Windows-ын худалдаанд гаргасан шинэ төрлийн утасны программ хангамж, ажиллах зарчим зэрэг нь тун төстэй байгаа болохоор хэдэн сарын дараа борлуулалтын хувьд буурах хандлага ажиглагдаж байгааг АНУ-ын технологийн салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс “Nokia” дараагийн загварын гар утасныхаа систем болон загварын шийдлийг нь шинэчлэх зэрэг ажилд ханцуй шамлан оржээ.
Мөн алдарт “Motorola” компани шинэ төрлийн смартфоныг зах зээлд нэвтрүүлээд байгаа юм. Тэд Xoom системийн шинэ смартфон худалдаанд нэвтрүүлсэн бөгөөд энэ нь худалдаанд гараад хэдэн цаг ч болж амжаагүй байтал 400 мянган ширхэг борлуулагджээ. Мөн 4G хэмээх шинэ системийг нэвтрүүлсэн байна. Харин Blackberry загварын смартфон үйлдвэрлэдэг “RIM” компанийн борлуулалт 10 хувь өссөн аж.
“Олон нийтэд хүрээд төдийлөн удаагүй байгаа смартфоны худалдааны энэ тэсрэлт нь гар утасны технологийн хөгжлийг дахин шинэ хуудсанд авчирлаа” гэж IDC судалгааны төвийн мэргэжилтэн Кевин Ресито мэдэгдсэн байна. Саяхан АНУ-д явуулсан судалгаагаар АНУ-ын нийт гар утас хэрэглэгчдийн 86 хувь нь смартфон хэрэглэдэг болохыг тогтоосон байна.