Сүүлийн үеийн монгол киног ямар студи бүтээж, хэн найруулж, бараг хэн гол дүрд тоглосныг нь хараад агуулга, найруулга нь төсөөлөгдөхөөр байдаг. Тэр жүжигчин тийм л байдлаа гаргана, тиймэрхүү л үйл явдал өрнөж, тийм үг хэллэг хэрэглэнэ гэдэг нь үзээгүй байхад нүдэнд харагдах шиг болдог. Үзэхэд нэг их зөрөхгүй, яг л тийм сэтгэгдэл төрдөг.
Кино театр явахдаа монгол кино л үзэхгүй юм шүү гэж очдог ч хааяа “хууртаад”, дахиад л сэтгэлд хүрэхгүй бас нэгэн шинэ монгол киноны тасалбар авчихдаг “гэнэн” үзэгчид хэр олон байдаг бол.
Олон хүний хөдөлмөр, бүтээл, оюун ухаан, авьяас шингэж кино бүтэж байгааг ойлгож, шүүмжлэхээс аль болох татгалзмаар байдаг. Ихэнх студи, кино продакшнууд зохиол дээрээ, найруулга дээрээ, эсвэл хэтэрхий нэг төрлийн, бараг өмнөхөөсөө ялгагдахгүй арга барил, сэдэвт баригддаг алдаа гэхдээ нэг их засагдахгүй л байгаа.
Харин саяхан дэлгэцэнд гарсан монгол кинонуудаас онцлон "Миний нууц" сэтгэхүйн драмын багт баяр хүргэмээр байна.
…Хандмаа /У.Уранчимэг/ бол “Миний нууц” киноны гол дүр. Өөрийнхөө гоо үзэсгэлэнг танигдахгүй болтол хуулж хаян, дүр бүхэн дээрээ тултал өөрчлөгддөг жүжигчин У.Уранчимэг энэ удаа нэг хүн мэт боловч хоёр дүр илэрхийлжээ. Тэр үнэхээр л сэтгэлзүйн болон бие бялдрын бэлтгэлийг чинээнд нь тултал хийсэн байлаа.
Хандмаа хангалуун амьдралтай, сайн ханьтай, сайхан хоёр хүүтэй, халамжтай, ухаалаг эзэгтэй. Гэхдээ тэр заримдаа юу ч санахаа больж, өөрийгөө ч танихаа байтал өөрчлөгддөг бие хуваагдах өвчтэй. Хандмаа дунд сургуулийн сурагч байхдаа Алтангинж гэж хүүтэй үерхдэг байсан бөгөөд тэд хамтдаа байшингийн дээвэр дээрж сууж байгаад, Алтангинж цахилгааны утсан дээр унаж, охины өмнө амьсгал хураадаг. Нүдэн дээр нь болсон харамсалтай үйл явдал Хандмааг сэтгэл санааны хүтэй цочролд оруулж, бие хуваагдах олдмол өвчин, сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчтэй болгожээ. Хандмаа хожим нь Алтангинж нэртэй залуутай дэлгүүрт санамсаргүй тааралдсанаар өмнөх дурсамж, амьдралаа санагалзаж, өвчин нь улам даймжирснаар киноны гол үйл явдал өрнөнө.
…Түшиг /Ц.Цэрэнболд/ бол Хандмаагийн нөхөр. Амжилттай бизнесмэн, сайн аав, халамжит хань. Түшигийн дүр, дотоод сэтгэл, гэргийгээ хайрлах хайр, илэрхийллийг найруулагч маш сайн гаргаж өгч чаджээ. Киноны эхэнд Түшиг эхнэртээ халамжгүй, түүнийг ганцаардуулдаг, баян эр мэт санагдавч үнэн хэрэгтээ тэр Хандмаагийн өвчнийг хамгийн их тэвчиж, гэргийгээ хайрлаж, хэний ч ойлгохгүй бэрхшээлийг сөрж зогссон дүр байлаа.
…Алтангинж /Б.Билгүүн/ бол Хандмаагийн сэтгэлийн шархыг сэдрээж, бие хуваагдах өвчнийг нь санагдуулсан, сүүлдээ нөхрийнх нь хүсэлтээр түүнийг эдгээх гэж уулздаг болсон болзоот залуу. Кинон дээр тэр Хандмаагийн залуу амраг мэт харагдавч түүний дүр өөр үүрэгтэй, өгүүлэмжтэй.
Найруулагч Д.Галбаяр. “Хувьсал” продакшн дэлгэцэнд гаргасан өөрийн бүтээлүүддээ анх удаа гаднаас найруулагч урьсан нь нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү Галбаяр. “Миний нууц” киноноос орчин үеийн монгол кинонд байнга шүүмжлүүлдэг, бараг алга болсон найруулагчийн ур чадварыг харж болно. Найруулагчийн ажиллагаа, сэтгэлгээ энэ бүтээлээс илт үнэртэхийг үзэгчид аяндаа анзаарах байх. Кино эхэллээ… Нэг залуу эмнэлгийн өрөөнөөс гарч, угаалгын өрөө орно, тэндээсээ буцаж ирнэ, дахиад гарна, дахин угаалгын өрөө орно, тэндээсээ өрөөндөө эргэж ирэх зэргээр ямар ч өгүүлэмж, үйл явдал, илэрхийлэлгүй олон минутын хоосон дүрслэлтэй зураглалаас түүнийх лав өөр.
Найруулагч Д.Галбаяр хамтран ажилласан киноныхоо талаар “Энэ бол миний бие даан найруулсан зургаа дахь бүтээл. Урьд нь би дандаа инээдмийн кинон дээр ажиллаж байсан бол анх удаа уянгын драмын кинон дээр ажиллалаа. Гэр бүлийн харилцааг харуулсан бүтээл учраас их нарийн, эмзэг сэдэв, зураг авалтууд болсон. Гэр бүлийн харилцаа бат бөх байх тухай асуудлыг өөр өнцөг, өгүүлэмж, сэдэв, санаагаар гаргахыг хичээсэн” бодлоо хуваалцсан байлаа. Магадгүй, миний бодлоор Д.Галбаяр найруулагчийнхаа карьерт “Миний нууц” киногоор дэвшил хийлээ.
Зохиолч Д.Ганцэцэг, А.Ганчимэг. Уг нь бол тэд “Хувьсал” продакшны жүжигчид. “Хувьсал”-ын гурван жүжигчин өмнөх бүтээлүүд дээрээ ч нэг нь гол дүр бүтээж, нөгөө нь зохиолоо бичих, найруулах зэргээр ажиллаж, туршлагажжээ. Тэднийг кино бүтээлийнхээ тал талд гарч ажиллаж сурсан юм байна гэдгийг Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын зохиолоос дахин харж болохоор байв.
Хүний амьдралд тэмцэх биш тэвчих ёстой үе гэж бий… “Миний нууц”-ын уран бүтээлчид киногоо цөөн үгээр ингэж тодорхойлжээ. Тэмцэх биш тэвчих ёстой…
Б.БАДМАА