Цагдааг хуурч болох ч!?

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Цагдааг хуурч болох ч!?

-Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 3 хүртэл үргэлжилсэн сар шинийн баяраар 14 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн статистик тоо гарчээ-

Пүүжээ хорвоогоос яваад олоон жил болж буй ч түүний эх орон өөрчлөгдөөгүй хэвээр байна. Түүн шиг олон хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсаар.

Тэртээх 2007 он. Түүнээс хойшхи 10 жилд Монголд монгол хүн амьд явах эрх одоо ч зөрчигдсөөр. Гэгээн хүсэл гэгээн хайраа тээж одсон Пүүжээгийн мөрөөдлийг тасалсан шиг 13 настай охин ахиад л хэн нэгэн жолоочоос болж аав ээжээсээ үүрд явжээ.

Согтуу жолооч. Тэр хэдийгээр хутга барьсан алуурчин биш байж болох ч бусдын эрүүл мэнд, амь насанд заналхийлэгч гэдгийг олон, олон жишээгээр нотолж болно. Хамгийн сүүлд сар шинийн өдрүүдээр согтуу жолоочоос болж цөөнгүй хүн амиа алдсан хэрэг гарсан. Замын цагдаагийн газрын судалгаанд өгүүлсэнчлэн өдөрт нэг хүн согтуу жолоочоос болж амиа алддаг гэвэл “SOS” зарлах хэмжээний аюул болсон гэсэн үг. Согтуугаар жолоо баригчдын  балгаар цаг бусаар хорвоогоос одсон 13 настай охин, аав, ээжтэйгээ амиа алдсан хоёр бяцхан хүүхэд гээд гунигт тавиланг амссан нэгэн гэр бүлийн гэгээн дурсгалд зориулж, сэрэмжлүүлэг болгон энэ сэдвийг хөндлөө.

Тавь шүргэж яваа эр хэдэн нөхөдтэй хамт архи уусны дараа согтуугаараа жолооны ард суужээ. Тэр цэцэг цэврүү шиг жаахан охины аминд хүрнэ гэж төсөөлөөгүй биз. Архи уучихаад жолоо барьсан тэр этгээд цагдааг хуурч болно гэж эндүүрсэн ч үхлийг хуурч чадаагүй юм. Гэртээ харихаар хоёр найзтайгаа хамт Сансарын 15 дугаар хороолол орчим явган замаар алхаж, инээж явсан охин түүний балгаар амиа алдаад арав ч хоноогүй байна. Тэр 13-хан настай байсан юм. Өглөөхөн нь хичээлдээ явахаар гэрээсээ инээгээд гарсан охин нь үүрд ирэхгүйгээр одсон.

Хэдийгээр охины аминд хүрсэн согтуу жолоочийг торны цаана суулгаж, хамт архи уусан нөхдийнх нь хамтаар БЗД-ийн цагдаагийн хэлтэст байцааж эхэлсэн ч бяцхан охины мөрөөдлийг, ээж аавынх нь сэтгэлд эзгүйрч үлдсэн орон зай, сэтгэлийн шархыг юу ч нөхөж чадахгүй. Согтуу жолооч бурханд мянга мөргөсөн ч, мянгантаа уучлалт гуйсан ч охин эргэж амьдрахгүй. Иймээс л согтуугаар жолоо битгий бариач ээ гэж замын цагдаа нар таны амь болон бусдын амь насны төлөө анхааруулсаар л байгаа.

  Ослын газарт хуулийнхан ажиллаж, согтолтын зэргийг шалгахаар драйгер үлээлгэхэд  тавьтэй эр үлээх чадваргүй байсныг Замын цагдаагийн алба /ЗЦА/-ны хэлтсийн байцаагч Г.Отгонтамир ярьсан юм.

Нутагтаа сар шинэ хийхээр явж байсан нэгэн гэр бүлийн дөрвөн хүн мөн л согтуу жолоочийн “гайгаар” хорвоог орхиод хорь гаруй хонож байна. Энэ хэрэг битүүний урд өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг, “Урьхан” зоогийн газраас холгүй гарсан билээ. Дархан-Уул аймгийн чиглэлд явж байсан ачааны автомашины жолооч Д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад урсгал сөрснөөс нэг гэр бүлийн дөрвөн хүний амь насыг авч одсон юм. Ахиад л харуусал, гуниг. Тэр өдрийг буцаадагсан бол гэж согтуу жолооч бодож байвч тэр өдөр уугаагүй бол бусдын амийг хөнөөсөн гэмт хэрэгтэн болохгүй байлаа. Нэгэн гэр бүлийн голомт сүйрэхгүй байлаа.  Хэдий хэн ч энэ хүнийг дайраад алчихъя гэж бодохгүй ч согтуугаар жолоо барьж байгаа бол та санаатайгаар бусдын амь насыг хөнөөхөд бэлэн байна гэсэн үг.

Дөрвөн хүнийг согтуугаар дайрч, амь насыг нь хөнөөчихөөд  ослын газраас өөр машинд суун зугтаж, Дархан-Уулд айлд толгой хоргодож байсан сэжигтэн Д-г цагдаагийнхан шуурхай олж, Төв аймгийн цагдаагийн газарт хэргийг  шилжүүлэн өгчээ. Өдгөө сэжигтэн Д-г цагдан хориод буй. Тэрбээр мэдүүлэгтээ “Төв аймгийн Баянчандмань сумын цагдаа нар зогсоож, үлээлгэхэд эрүүл байсан. Гэхдээ тэндээсээ цаашлаад нэг их холдолгүй найз нөхөдтэйгөө нийлж, архи уусан” тухайгаа ярьжээ. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж энэ.

Зам тээврийн ослоор хорвоогоос явах хүний тоо нэмэгджээ

Статистик мэдээг харъя. Согтуугаар жолоо барьсны уршгаар өнгөрсөн хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 3 хүртэл үргэлжилсэн сар шинийн баярын өдрүүдэд 14 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн болохыг Замын цагдаа мэдээлжээ.  Сар шинийн өдрүүдэд хот, хөдөөг зорьж, элгэн садандаа золгохоор гарсан 13 хүний амь орон нутгийн замд эрсдэж, 10 хүн гэмтсэн. Дээрх харуусалтай тоон мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад  зам тээврийн осол 31.3, гэмтсэн хүн 27.2 хувиар буурсан хэдий ч амь нас нь хохирсон хүний тоо хоёр дахин өссөн талаар статистикийг Цагдаагийн ерөнхий газраас өгөв. Тус  мэдээлэлд 2017 оны эхний хоёр сарын хугацаанд зам тээврийн ослын улмаас 50 эрдэнэт хүний амь хохирсныг дурдсан байна. Тэдний долоо нь Улаанбаатарт, бусад нь орон нутгийн замд гарчээ.. Амиа алдсан хүмүүсийн 10 хувь нь хүүхэд.

Согтуу жолооч СБД-ийн замын цагдаагийн гарыг хугалжээ

Замын цагдаа нар  согтуугаар жолооны ард суусан эсэхийг өглөө, өдөр, шөнөгүй шалгаж буй ч жолоо барих чадваргүй үедээ машинаа унах иргэдийн тоо буурахгүй байгааг хэлэв. Улаанбаатарын хэмжээнд 523 замын цагдаа ажилладаг. Тооцоод үзэхээр нэг цагдаад 1500 машины хөдөлгөөн зохицуулж, 1500 орчим жолоочийг хянах үүрэгтэй гэсэн үг. Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нараас замын цагдаа нар " Яагаад согтуугаар машинаа барьсан"-ыг асуухад  гэр ойрхон, зөвхөн айраг  уусан гэсэн хэнэггүйхэн хариулт өгдөг гэнэ. Зарим согтуу жолооч  аюулгүй байдлыг нь хангахаар ажиллаж буй цагдаагийн биед халдаж, гэмтээх тохиолдол ч гардаг байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн баасан гаригийн шөнө Чингэлтэй дүүрэгт хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн гарыг согтуу жолооч хугалжээ.

18-35 насныхан хамгийн их согтуугаар жолооны ард суудаг

Шүүхээс авсан мэдээллээр 2016 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 750 удаа гарсан нь өмнөх оныхоос 116 хэргээр буюу 15.5 хувиар буурсан үзүүлэлт гэнэ.  Харин  598 хүн ял шийтгэл авчээ. Тэгвэл Тээврийн прокурорын газраас 2016 онд 1316 хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавьж ажилласны 1087 нь шинээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байжээ. Нийт хэргийн 87.9 хувь буюу 1157 нь Улаанбаатар хотын Цагдаагийн газрын III хэлтсээс буюу ЗЦА-наас иржээ.

Урьдчилан сэргийлж, сануулж, анхааруулсаар байхад урхагт хар усыг хэрэглэн жолоо барьж яваад хүний амь нас хохироосон бол хүлээлгэх хариуцлагыг чангатгая гэсэн санал иргэдийн дунд бий.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар жолоо баривал 470 мянган төгрөгөөр торгож, зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасдаг. Мөн 7-30 хоногийн хугацаанд албадан баривчилгаанд явуулдаг юм. Үүнээс гадна энэ төрлийн хэргийн санамсаргүй үйлдэгдсэн гэж үзэн тав хүртэлх жилийн ял төлөвлөдөг аж.  Удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулсан ч машин барьсан иргэдийг 30 хоногоор саатуулах хуулийн зохицуулалттай. Хууль хэдийгээр өмнөхөөсөө чангарсан ч 18-35 насныхан согтуугаар жолооны ард суух тохиолдол буурахгүй байгааг замын цагдаа нар ярилаа. Тэгэхээр согтуу жолооч нарт тооцдог хариуцлага хөнгөдөж байна гэсэн үг. Согтуугаар жолоо барьсан бол түүнийг санаатайгаар өөрийн болон бусдын амь насанд завдахыг санаархсан гэж үзээд бүх насаар нь жолоо барих эрхийг хасъя.  Яагаад гэвэл арван жилийн дараах Пүүжээгийн эх оронд Пүүжээ шиг охид, түүний дүү шиг бяцхан хүүхдүүд согтуу жолоочдын гарт мөрөөдлөө таслуулсаар л байна. Пүүжээгийн эх орон хэзээ өөрчлөгдөж, Пүүжээ шиг хүүхдүүд гудамжаар хэзээ амгалан тайван алхах вэ?

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж