Шүгэл үлээмээр л байна

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Шүгэл үлээмээр л байна

Хүнд суртал, хээл хахуулийг мэдээлэх нь бүү хэл эсэргүүцэж дургүйцсэнийхээ төлөө ажил, амьдралаа дэнслүүлсэн тохиолдол олон бий. Тиймээс ч бүхнийг шийдэгч төрийн албаныхан хийгээд дарга, албан тушаалтны бурууг ил цагаан мэдээлэх зүрх, зоригтон олон гарахгүй л болов уу-

Авлига гэдэг үг аль хэдийнээ хүн бүрт танил болжээ. Хуучин цагт бол хээл хахууль гэдэг холбоо үгээр илэрхийлэгдэж байсан авлига жил ирэх бүр нууц далд, илүү хор хөнөөлтэй болж байна. Ганц манай улсад төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд авлигыг бууруулах, багасгахын төлөө тэмцэж байгаа ч бүрэн арилгасан улс нэгээхэн ч үгүй. Манай улсын хувьд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй болоод улирал илүүг үдэж байна. УИХ-аас 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрсөн дээр буулгах ажлын эхлэл өнгөрсөн баасан гариг (2017.03.10)-ны өдөр тавигдсан гэж хэлж болно. Эл өдөр Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж, мэдээлэл өгсөн юм.

Олон улсын Транспрэнс интернэйшнл байгууллагаас саяхан 2016 дэлхийн улс орнуудын авлигын индексийг зарласан. Тэрхүү жагсаалтад дэлхийн 176 орноос Монгол Улс 38 оноогоор 87 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь 2015 онтой харьцуулахад авлигын индекс нэг оноогоор буурч, 15 байраар ухарсан гэдгийг АТГ-ын дарга, тэрүүгн комиссар Х.Энхжаргал ярианыхаа эхэнд дурдсан юм. Энэ нь эдийн засаг хямарч, төсөв хөрөнгө хумигдах хэрээр ажлаа бүтээхийн тулд бусдын гар хүндрүүлэх явдал нэмэгддэгийн дээр төрийн албаны халаа сэлгээ гэх мэт бусармаг үзэгдлүүд голлон нөлөөлснийг тодотгосон юм.

Авлигатай тэмцэх нь зөвхөн АТГ-ын ажил биш, бүх төрийн албан хаагчдын хуулиар хүлээсэн үүрэг юм гэсэн нь онцгойлон анхаарал татаж байлаа. Авлига, хүнд сурталтай төрийн үйлчилгээг иргэд тэвчдэггүй байхаас авлигын эсрэг алхам эхлэх бол олон нийтийг “авлига”-аар сүрдүүлэх биш амьдралд нийцсэн, монгол хөрсөнд бодитой буух бодлогоор авлигатай тэмцэх ёстой гэдгийг АТГ-ын тэргүүн комиссар анхаарууллаа.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНД СУРТАЛ, АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЖ, “ШҮГЭЛ ҮЛЭЭХ”-ИЙГ ОЛОН НИЙТЭД УРИАЛСАН НЬ АНХААРАЛ ТАТАЖ БАЙЛАА. АВЛИГА, ХҮНД СУРТЛЫГ МЭДЭЭЛЭХИЙГ “ШҮГЭЛ ҮЛЭЭХ” ХЭМЭЭН НЭРЛЭДЭГ ЖИШИГ БИЙ ГЭНЭ. ОЛОН УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ БАЙГУУЛЛАГА Ч ШҮГЭЛ ҮЛЭЭХИЙГ ИХЭД ДЭМЖДЭГ БӨГӨӨД ТЭДНИЙГ УРАМШУУЛАХ, ДЭМЖИХ, ХАМГААЛАХ ЭРХЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ НЬ АВЛИГЫН ЭСРЭГ ЭЕРЭГ АЛХАМ БОЛНО ГЭЖ ҮЗДЭГ АЖЭЭ.

Тэгвэл манай улсад шүгэл үлээх боломж бололцоо хэр бий вэ, шүгэл үлээгчийн ар гэр, амьдралыг хамгаалах баталгаа Монголд бий юү. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийллийн талаар заавал мэдээлэх үүргийг хүн бүрт оноосон. Хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багш, өрхийн эмч, нийгмийн ажилтан, хөрш айлынхан гээд хүчирхийллийн шинж тэмдэг, сэжиг илэрсэн тохиолдол бүрт цагдаад мэдэгдэх үүрэгтэй. Эс тэгвээс хуулийн хариуцлага хүлээнэ. Гэвч хуулийн хуурай заалт амьдралд хэрэгжиж дадал болтлоо их хугацаа туулдаг. Хөршийн байтугай хүргэнийхээ хүчирхийллийг мэдээлснээрээ өөрөө хохирсон тохиолдол бий. Өчигдөрхөн нөхөртөө балбуулж байсан хөрш эмэгтэй маргааш гэхэд л мэдээлэл өгсөн хөршийнхөө эсрэг дайн зарлахыг үгүйсгэхгүй. Бусдын бурууг мэдээлж, илчилж, гэрчилснийхээ төлөө насан туршдаа түгшүүрт автсан хүмүүс мэр сэр таардаг. Энэ мэт шүгэл үлээгчийн зоригийг мохоох жишээ олон. Ядаж байхад гэрч, хохирогч нарыг хамгаалах үүрэг бүхий Тахарын албыг байгуулаад үр дүнг нь үзэж амжаагүй байхдаа буцаагаад татан буулгасан билээ.

Авлигын эсрэг шүгэл үлээх нь гэмт хэргийг гэрчлэхээс хувь илүү аюултай. Авлига өгсөн авсан аль аль буруутан болдог учир оролцогч талууд шүгэл үлээгчийн эсрэг талд зогсдогоороо бүр ч бэрхшээлтэй. Нөгөөтэйгүүр огт санаандгүй явж байгаад шүгэл үлээх боломж тэр бүр тохиохгүй. Авлига ихэвчлэн эрх мэдэл, хөрөнгө мөнгө бүхий хүмүүсийн хүрээнд үйлдэгддэг бөгөөд тэдний хүрээлэл дунд байгаа хүмүүст л шүгэл үлээх боломж тохиодог гэсэн үг. Гэвч шүгэл үлээсний шагнал “сайн ах”-ын нөмөр нөөлгөөс илүү гарах нь юу л бол.

Мэдээлсэн төдийгөөр төрийн албан хаагчид ёс зүйтэй, төрийн алба шударга, цэвэр болчихдог бол хуруу биш ч хошуу нэмэрлэх шударга иргэд зөндөө бий.

Хүнд суртал, хээл хахуулийг мэдээлэх нь бүү хэл эсэргүүцэж дургүйцсэнийхээ төлөө ажил, амьдралаа дэнслүүлсэн тохиолдол олон бий. Тиймээс ч бүхнийг шийдэгч төрийн албаныхан хийгээд дарга, албан тушаалтны бурууг ил цагаан мэдээлэх зүрх, зоригтон олон гарахгүй л болов уу. Мэдээлсэн төдийгөөр төрийн албан хаагчид ёс зүйтэй, төрийн алба шударга, цэвэр болчихдог бол хуруу биш ч хошуу нэмэрлэх шударга иргэд зөндөө бий. Гэвч төр, түмний төлөө гэсэн сэтгэлээр хошуу нэмж, шүгэл үлээснийхээ төлөө зэм хүртэж, ад үзэгдсэн олон жишээ шүгэл үлээгчдийн зоригийг мохоохгүй гэж үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж