Мөн 280 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай Хан-Уул дүүргийн аюулгүйн тойргоос Зайсан чиглэл рүү тавьж байгаа явган хүний зам, ногоон байгууламжийн ажлыг шалгаж, зогсоохоор болжээ. Учир нь хуучин хагархай хавтангууд эвлүүлээд явган хүний зам хийж байгаа гэнэ. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн тус дүүргийн Засаг даргын захиргааны ордон барихдаа суурийг нь буруу тавьснаас хяналт, шалгалтын байгууллага технологийн алдаа гарсан байна. Үүнийг буулгаж дахин барих шийдвэр гаргасан ч дахин барьсаар байсан. Одоо засах гэж байгаа юм байна.
Энэ бүх мэдээллийн эцэст хотын ерөнхий менежер Ч. Бат өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэв. ирэх сарын 15 буюу халаалт эхлэхээс өмнө төлөвлөсөн ажлууд биелэх боломжтой. Энэ жилийн тухайд цахилгаан хангамжийн шинэчлэлтэй холбоотой тохижилт сүйтгэх аюул бий. Сонгон шалгаруулалтыг оройтуулснаас энэ ажил хойшлоод байгаа. 10 дугаар сарын 1-нээс өмнө дуусгахгүй бол ногоон байгууламжинд нөхөн сэргээлт хийх боломжгүйг дуулгалаа.
Байнга хэл ам таталж байдаг таггүй траншейны эздээр энэ удаад “УБ цахилгаан түгээх сүлжээ”, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-уудыг нэрлэв. Эдгээр байгуулагуудад онгорхой байгаа траншейнаа бөглөхийг сануулсан байна.
Концессын гэрээгээр хотын зүүн дүүргийн халаалтыг хариуцдаг УС-15-ыг станцыг шинэчлэх болсон ч одоо хүртэл шийдэгдээгүй байна. Иймд хуучин зуухаа засах эсвэл зөөврийн халаалтын зуух тавих шаардлагатайг онцлов.
Шуурхай хуралдааны төгсгөлд Хотын дарга Г. Мөнхбаяр ирэх 14 хоногт болон цаашид хийх үүрэг чиглэлийг холбогдох хүмүүст өглөө. Томоохон өртөг бүхий шугам сүлжээ, бүтээн байгуулалтын ажилд онцгой хяналт тавьж ажиллах учиртай. Боловсролын газрынхан салбар яамтайгаа хамтран засвар үйлчилгээ оройтож эхэлсэн сургууль, цэцэрлэгийн ажилтай газар дээр нь очиж ажиллахыг сануулав. Хэдийгээр нийслэлийн төсөв хүнд ч тохижилтын ажил чамгүй хийгдлээ. Энэ жишгийн дагуу ирэх жилээс сургууль, цэцэрлэгийн гадна талбайг тохижуулах шаардлагатай байгаа. Иймд эдгээр ажлын засварын норматив зардлыг гаргаж ирэхийг сануулж байв.
Гол асуудал бол ирэх өвлийн утаа. Жил болгон л хотын утаа хүн болгоныг зовоодог. Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг хийгээд Баянзүрх дүүргийн хоёр хорооны иргэд түүхий нүүрс түлэхгүй өвөлжих ёстой. Түүхэндээ анх удаа Улаанбаатар хот утааны байцаагчтай болсон. Одоо иргэдийн толгойд түүхий нүүрс түлэхгүй шүү гэдэг ойлголтыг Засгийн газар юм уу яам тамга биш орон нутгийнхан та бид өгөх учиртай. Бурхан хайх хэрэггүй. Утаа багасгах, бууруулах асуудлыг та бид л хариуцна шүү гэдгийг хотын дарга хатуу анхааруулснаар энэ удаагийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.