УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас дараах тодруулгыг хийлээ.
-Ардчилсан нам шинэчлэгдэхээр дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Намын удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар дүрэмд тусгасан зүйл бий юу?
-Ардчилсан нам шинэчлэлээ 5 зүйлээр тодорхойлж байгаа. Нээлттэй, бодлогын, хариуцлагатай нам байна. Өмнөх дүрмээр 54 эмэгтэй Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн байсан. Энэ удаагийн дүрмээр дээрх квот хадгалагдана. Мөн нэг дэд дарга нь эмэгтэй хүн байна гэдгийг шинэчлэлийн хүрээнд ярьж байгаа.
-Гэхдээ сунгаанд оролцох гишүүн бүрийн өмнө дэнчин төлөх шаардлага тавигдсан нь эмэгтэй гишүүдийн хувьд нэлээн хүнд тусаж байх шиг. Энэ нөхцөлд эмэгтэйчүүд улстөрд орж ирэх нь байтугай нам дотроо гарч ирэхгүй болох юм шиг?
-Эмэгтэйчүүд сонгуулийн санхүүжилтээ босгох нь туйлын хүнд асуудал хэвээр байна.
Санхүүгийн бэрхшээлээс шалтгаалаад олон сайн эмэгтэйчүүд улс төрд орж чадахгүй байгаа.
Нөгөө талаасаа бид манлайлагч байхын тулд өөрөөсөө шалтгаалсан олон зүйлийг хийх шаардлагатай. Тууштай байх, мэдлэг чадвар, боловсролоо дээшлүүлэх гээд.
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг нэмэгдүүлэхийн тулд квотын асуудлыг зайлшгүй шийдэх ёстой. Ямар ч байсан өнгөрсөн жил 20 хувийн квотыг хуульчилж өгсөн.
Жендэрийн тэгш байдлыг хангах хуулийн заалт бий. Хамгийн гол нь байгаа хуулиудаа бүх шатандаа хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээлбэл, томилгоон дээр Жендэрийн тэгш байдлыг хангах хуулийн дагуу эмэгтэйчүүдийг зөв байршуулах ёстой. Харамсалтай нь, энэ байдал зөрчигдөж байна. Цаашдаа улс төрийн намууд бүх түвшиндээсанаачлагатай байж чадвал эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд дөхөм болно.
-Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсон тухайд?
-Засгийн газар санаачлагатай, хурдан ажиллахгүй байна. Эдийн засгийн нөхцөл байдал биднийг хүлээхгүй. Хэрвээ 2017оны төсвийн тодотголоо яаралтай өргөн барьж хэлэлцүүлэн, Олон улсын валютын сантай хийсэн хэлэлцээрээ хэрэгжүүлэхгүй бол эдийн засгийн нөхцөл байдал хүндэрнэ. Цаг хугацаатай уралдаж ажиллах шаардлагатай.
Г.ХОРОЛ