Шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тэмцээн энэ жил орон нутагт болно. 2017 оны УАШТ гуравдугаар сарын 17-26-ны өдрүүдэд Эзэн Богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд болох юм. 1982 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд анх зохион байгуулагдсанаас хойш 25 жилийн дараа Хэнтийн аймгийн Дадал суманд болж байгаагаараа онцлог юм. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын шатрын холбоо, Хэнтийн аймгийн нутгийн зөвлөл, хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж байна. Мөн оюуны спортыг дэмжигчээр “Магнай Трейд” групп, Төрийн банк ажиллаж байгаа юм.
ИХ МАСТЕР Т.БАТЧИМЭГ, С.МӨНХГАЛ ДЭЭР ХЭН ХЭН НЭМЭГДЭХ ВЭ?
Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод хагас шигшээ тоглолтоос шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг арван шатарчин өнгөрсөн жилийн аваргууд болох ОУМ, ИМЭ, Гавьяат тамирчин Т.Батчимэг, ОУМ С.Мөнхгал нартай өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн ангилалд Ц.Батчулуун, У.Насанжаргал, Б.Ариунбүүвэй, Д.Батсүрэн, Р.Амгаланбаатар, Г.Амартүвшин, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Галмандах, Ц.Алтанбаяр, Энхнар нар шалгаран үлдсэн. Мөн эмэгтэйчүүдээс О.Өлзийхишиг, Б.Амина, улсын хошой аварга Д.Янжиндулам, Б.Ану, Э.Хулан, У.Лхамсүрэн, Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул, Б.Анхчимэг, Г.Баярмаа, Т.Номиндалай нар шигшээд өрсөлдөх болзлоо урьдчилсан шатаас авсан юм.
Г.АМАРТҮВШИН 12 НАСТАЙДАА ШИГШЭЭД ӨРСӨЛДӨХ ЭРХ АВЧ ШИНЭ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
Энэ жилийн шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолт өнгөрөгч хоёрдугаар сард Улаанбаатар хотноо болсон. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 70, эмэгтэйчүүдийн ангилалд 48 шатарчин оюун ухаанаа сорьсноос шилдэг 10 нь цааш өрсөлдөх эрхээ авсан юм. Тиймээс УАШТ-ий хагас шигшээ тоглолтод үзүүштэй тоглолтууд олон гардаг. Мөн эндээс тамирчдын чансаа, бэлтгэл харагддаг билээ. 2017 оны УАШТ-ий шигшээ тогтолтод шалгарсан тамирчдын дундаж нас нь 22.7 байна. Эндээс олон амжилтууд шинэчлэн тогтоогдсон. Тодруулбал, 2001 онд ОУМ Г.Мөнхгал 12 нас 6 сартайдаа шигшээ шатанд шалгарч байсан дээд амжилтыг ОУШХМ Г.Амартүвшин 12 нас 1 сар хүрээгүй байхдаа шинэчлэв. Мөн энэ удаагийн тэмцээнд оролцогчдын тал нь буюу зургаан тамирчин анх удаагаа оролцож байна. Улсын аварга Ц.Батчулуун хамгийн олон буюу 16 удаа оролцож байгаа нь бусдаасаа ялгарахуйц амжилт болж байгаа юм. Эрчүүдийн хувьд шатрын нэгэн үе шинээр төрөн гарч буй нь илт мэдрэгдэв. УАШТ-ий хагас шигшээ тоглолтоо харахад эрчүүдийн дундаж нас өссөн бол эмэгтэйчүүдэд өсвөрийн шилдэг тамирчид олон гарч байгааг харууллаа. Мөн ахмад шатарчид шигшээд өрсөлдөх хэмжээнд бэлтгэгдэж байна. Энэхүү жишээг 50 насны босгийг даваад байгаа Г.Баярмаа давтаад байна. Тэрбээр 50 гаруй насандаа хоёр дахь удаагаа УАШТ-ий шигшээд өрсөлдөх гэж байна. ОУШХМЭ Ж.Хулганаа агсан 52 насандаа УАШТ-ээс медаль авч байсныг эс тооцвол шигшээ тэмцээн өрсөлдөөн ихтэй байх нь дамжиггүй.
Ч.БОЛОР