Уулын спортын мастер Ж.Бямбасүрэн ирэх тавдугаар сард Эверестийн оргилд гарахаар хэдийн зоригложээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Таны хувьд уулын спортыг яагаад сонгохоор болов. Энэ спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?
-Би бага байхын тэшүүрийн спортоор хичээллэдэг байсан. Харин уулын спортод их хожуу орсон. Одоо энэ спортоор хичээллээд долоон жил болж байна. Анх 2010 онд уулсын алхалтаас эхэлж байсан түүхтэй. Тэр цагаас энэ спортод дуртай болсон доо. Нэг авиралтыг дуусгаад дараагийн авиралтыг зорихдоо улам л амжилтаа ахиулахыг хичээдэг. Монголынхоо өндөр уулсыг зориод ирсний дараа дараагийн төлөвлөгөөг бичнэ. Тэр үед мэдээж гарч үзэхийг хүссэн олон уул байдаг. Ингэж явсаар би эргээд харахад долоон жилийн дараа уулчдын хүсэл болдог Эверестийг зорихоор шийдсэндээ.
-Та хэр баргийн хүн ороод байдаггүй уулын спортоор хичээллээд багагүй хугацаа өнгөрчээ. Яагаад Эверестийн оргилд гарахыг хүссэн бэ?
-Дэлхий дээр найман мянган өндрөөс дээш 14 уул байдаг. Мөн долоон тивийн долоон оргил гэж бий. Энэ хоёр чиглэлд уулчид авирах төлөвлөгөө, зорилгоо болгодог. Үүнээс гадна авирахад хэцүү хамгийн хүнд уул гээд олон сонголтууд байна. Би өнгөрсөн 2016 онд Хойд Америкийн ноён оргил Денали болон Австрали ба Далайн ноён оргил Карстенз Пирамидэд гарсан байгаа. Үүнээс өмнө Америк тивийн ноён оргил Аконкагура, Европ тивийн ноён оргил Эльбруст, Африк тивийн тэргүүн оргил Килиманжарод гараад байсан юм. Долоон тивийн таван ноён оргилд гарсан болохоор дараагийн алхамаа хийхээр зориод байна. Энэ бол Эверест юм.
-Эверестид авирахын тулд нэг уулчин хэдэн мянган ам.долларыг өртөг төлөх вэ?
-Дэлхийн ноён оргил Эверест бол уулчин бүрийн хүслэн байдаг. Энэ оргилд хүрэхийн тулд олон бэрхшээлийг давна. Мэдээж Эверестэд авирахын тулд тодорхой хэмжээний зардлыг гаргах учиртай. Хамгийн багадаа 30 мянган ам.доллар ордог. Харин тодорхой хэмжээний үйлчилгээний өртөг нэмэгдээд 40-45 мянган ам.долларт хүрэх үе бий. Би энэ удаа ирэх тавдугаар сарыг сонгоод байгаа. Энэ цаг хугацаа Эверестэд авирахад хамгийн тохиромжтой үе. Мөн намар гарах боломж бий. Мэдээж зардал өндөр гарах учраас найз нөхөд, дэмжигч байгууллагууд дэмжин тусалж байна. Миний хувьд нэгэнт энэ спортыг сонгосон учраас өөрийн хүслээ бас Монгол хүний зорилгыг биелүүлэх боломжтойг харуулах зорилготой байгаа юм.
Долоон жилийн өмнө уулын алхалтыг сонгож, ууланд гарч байсан Ж.Бямбасүрэн өнөөдөр хэдийн туршлагатай уулчин болжээ. Тэрбээр энэ хугацаанд Монголын ноён оргилуудад гараах зогсохгүй дэлхийн ноён оргилуудаас тавд нь гараад байна. Харин одоо дэлхийн ноён оргил Эверестийг зорихоор бэлтгэлээ хангаж байгаа юм. Тэрбээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах байгууллагуудад нээлттэй байгаа аж. Уулчин Ж.Бямбасүрэнтэй https://www.facebook.com/bb.byamba хуудсаар холбогдох буюу 88033316 дугаарт холбогдож болох юм байна.
АМЖИЛТ: /"SEVEN SUMMITS"/
2012/09/16 – Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
2013/10/16 – Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
2015/01/20 – Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
2016/06/09 – Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м
2016/09/20 – Австрали ба дэлхийн арлуудын тэргүүн оргил Карстенз Пирамид /4 884 м
Авиралт хийсэн бусад оргилууд:
2015/01/23 – Бонита /5030 м/ /Андын нуруу Аргентин/
2016/01/16 – Алтай таван богд Хүйтэн оргил /4374 м, Өвлийн авиралт/
2016/01/22- Цамбагаравын мөст оргил /4209 м, Өвлийн авиралт/
Одоо уулчин Ж.Бямбасүрэнд “Seven summits”-ыг гүйцээхийн тулд хоёр оргил үлдээд байна. Энэ бол Антарктид буюу өмнөд туйлын тэргүүн оргил Винсон Массив /4892 м/, Ази болон Дэлхийн тэргүүн оргил Эверест /8848 м/ юм. Түүний хувьд хэдийн Эверестийн бэлтгэлдээ гарчээ.
Ч.БОЛОР