Ээлжит бус чуулган зарлахад гишүүдийн ирц хангалтгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган зарлахад гишүүдийн ирц хангалтгүй гэв

Сар шинийн дараахан УИХ-ын ээлжит бус чуулган товлогдож, Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт УИХ-ын гишүүд дунд байсан. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад энэ сард УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахгүй байх шийдвэрт хүрсэн билээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн тайлбараар бол УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болоход гишүүдийн ирц хангалтгүй байгаа аж. Тиймээс ирэх дөрөвдүгээр сард хаврын чуулган эхлэнгүүт 2017 оны төсвийн тодотголоо хэлэлцээд Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаад явах боломжтой гэнэ.

Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмэх, мөн 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон юм.

Сар шинийн өмнөхөн Засгийн газар хуралдаад 2017 оны төсвийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжсэн. Гэвч УИХ-д өргөн бариагүй байгаа.

Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзах үеэр тус сангаас Монгол Улсын Их хурал ирэх дөрөвдүгээр сарын 10-наас урьтаж 2017 оны төсвийн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлага байна” гэдгийг мэдэгдсэн юм.

Хуульд зааснаар УИХ-ын хаврын чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд нээдэг. Өнөө жил эл өдөр лхагва гаригт тохиож буй. Тиймээс УИХ-ын хувьд 2017 оны төсвийн хуулийг хэлэлцэн батлахад ердөө тав хоногийн хугацаа л байгаа юм.

Төсвийн хуулийг тусгай дэгээр хэлэлцдэг тул тав хоногт багтаан баталж чадах уу гэдэг асуудал үүсэж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж