Хүүхдээ хөрсний бохирдлоос хамгаалъя

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хөрсний бохирдлоос хамгаалъя

Их Британийн улс дахь Дэлхийн банкны Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн зөвлөх Роберт Рид “Хөрсний бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хамгийн их сөргөөр нөлөөлдөг. Тав хүртэлх настай хүүхдийн эндэгдлээс харахад зургаан хувийг суулгалт өвчин эзэлж байна” гэв-

Урин цаг ирж Улаанбаатарын утаа багасч буй ч эсрэгээрээ хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудал нийслэлчүүдийн сэтгэлийг зовоож эхэллээ. Улаанбаатарын агаарын бохирдлоос илүү аюултай зүйл бол хөрсний бохирдол. Нүдэнд ил харагдахгүй ч энэ сэдэв ирээдүйд том асуудал үүсгэж мэдэхээр болжээ.

Нийслэлийн гэр хорооллын 80 орчим хувь нь хөрсний бохирдолтой, тэдгээрийн 50 хувь нь их хэмжээний бохирдолтой гэж тогтоогджээ. Ялангуяа томоохон захын ойр орчимд хөрсний бохирдол хамгийн их байгаа аж. Хөрсний бохирдол нь ойролцоох худгийн усанд нөлөөлж, гэдэсний суулгац халдварт өвчнийг үүсгэх хүчин зүйл болдог тухай “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” олон улсын зөвлөлдөх уулзалтаар ярилцлаа. Шангри-Ла зочид буудалд болж буй уг уулзалтад гадны мэргэжилтнүүд оролцож нүхэн жорлон дэлхий нийтийг анхаарлыг татсан асуудал болсныг ярилээ.

Энэхүү уулзалтын гол зорилго нь Улаанбаатарын хөрсний бохирдлыг багасгах, гэр хорооллын нүхэн жорлонгийн асуудлыг шийдэх зорилготой юм. Уулзалтад оролцогчид хөрсний хүнд металлын бохирдлын хэмжээ Улаанбаатарт газарзүйн байршлаасаа болоод өөр өөр байгаа талаар хэлэлцлээ. Тухайлбал, Хан-уул дүүрэгт хүнд металлын элемент болох хром, хар тугалга, цайрын бохирдол ихтэй байгаа бол Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амоны буюу шивтрийн хөрсөн дэх агууламж нэмэгдсээр байгаа аж. Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хөрсөн дэх сулфатын бодис их гарчээ. Хөрсний бохирдлыг нянгийн, хүнд металлын, органик, амоны буюу шивтрийн, сулфатын агууламжтай гэж ангилдаг байна.

Уулзалтад оролцож буй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ “Ариун цэврийн хангамж, дэд бүтцэд нэг ам.доллараар хөрөнгө оруулахад эрүүл мэндийн эрсдэлийг 5-5,8 хувиар бууруулах боломжтой байдаг. Яг одоогийн байдлаар НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Засгийн газартай хамтраад томоохон төсөл хэрэгжүүлээд явж байна. Энэ төслийн хүрээнд жорлонгийн доторлогоо, бохир усны асуудлыг шийдэх зэрэг төслийг нэлээд хэдэн аймаг сумд хэрэгжүүлж байна” гэлээ.

Дэлхий дахинд 2,4 тэрбум хүн ариун цэврийн шаардлага хангаагүй байгууламжид амьдарч байна. Үүнээс үүдэж жилд дунджаар 800 мянган хүн хорт хавдар болон халдварт өвчний улмаас нас бардаг аж.

Гэр хороололд амьдарч байгаа хүмүүс орон сууцанд амьдарч байгаа иргэдээс халдварт өвчнөөр нэг дахин илүү өвчилдөг аж. Гэр хорооллын 97,5 хувь нь энгийн нүхэн жорлонтой, хоёр хувь нь сайжруулсан нүхэн жорлонтой гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод ойролцоогоор 200 мянга гаруй нүхэн жорлон, 140 мянган угаадасны нүх байна. Гэр хорооллынхон ил задгай жорлон ашиглаж байгаа учраас хөрсний, улмаар хөрсөөр нэвчин усны бохирдол эрүүл мэндэд нь эрсдэл үүсгэж буйг ч мэргэжилтнүүд ярьж байна.

Их Британийн улс дахь Дэлхийн банкны Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн зөвлөх Роберт Рид “Хөрсний бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хамгийн их сөргөөр нөлөөлдөг. Тав хүртэлх настай хүүхдийн эндэгдлээс харахад зургаан хувийг суулгалт өвчин эзэлж байна. Суулгалтаас сэргийлэхийн тулд зохистой ариун цэврийн байгууламжтай, гар угаах дадлыг хэвшүүлж занших нь чухал юм” гэлээ.

Ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүйгээс болж 0-14 настай хүүхдүүдийн 29 хувь нь суулгалт, халдварт өвчнөөр өвчилдөг байна. Суулгалт, халдварт өвчнөөр өвчлөх оргил сар нь 5-8 дугаар сард байдаг аж. Наймдугаар сард хүүхдүүд халдварт өвчнөөр өмчлөх магадлал хамгийн өндөр байдаг аж. Тиймээс зохистой ариун цэврийн байгууламжтай, гар угаах дадлыг хэвшүүлж занших нь чухал гэж эрдэмтэн судлаачид онцолж байна.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж