Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр “Хууль төрөхийн өмнө” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг өнөөг хүртэл хугацаанд 2002 онд батлагдсан хуулиар зохицуулж ирсэн байна.
Шинэчилсэн найруулгын төсөл 300 гаруй зүйл заалттай бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль хэт ерөнхий байгааг илүү нарийвчлан зохицуулах аж.
2012 онд хийсэн судалгаагаар нэг шийдвэр гүйцэтгэгчид жилд дунджаар 250-290 гүйцэтгэх хуудсаар олгогдсон ажиллагаа оногддог байна. Энэ нь холбогдох эрх зүйн актаар тогтоосон ажлын ачаалал 2 дахин их үзүүлэлт гэнэ. Шийдвэр гүйцэтгэгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, төлбөр төлөгч, түүний хөрөнгийг эрэн сурвалжлах ажиллагааг үр дүнтэй болгох зорилгоор энэ асуудлыг хариуцсан тусгай нэгж байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Мөн хохирол нөхөн төлүүлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хорих ял эдэлж буй хоригдлын цалин хөлс, хөдөлмөрт хамрагдсан байдал, хийсэн хөдөлмөртэй нь нийцэж байх асуудлыг ч зохицуулж өгчээ. Тухайлбал, хөдөлмөр эрхэлдэг хоригдлын сарын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байх зохицуулалтыг оруулжээ. Тодруулж хэлбэл, сарын цалин нь 240 мянган төгрөгөөр доошгүй байхаар зааж өгч буй аж.
Хамгийн хүнд хүчир хөдөлмөрийг хоригдлуудаар хамгийн бага хөлсөөр хийлгэдэг гэх шүүмжлэл бий. Тэгвэл энэ асуудлыг хуулийн хүрээнд зохицуулахаар доод хэмжээнд хязгаар тавьж, дээрх заалт тусгаж өгчээ.
Онцлоход, Хууль зүй, дотоод хэргийн яам энэхүү хуулийн төслийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх юм байна.
Г.ДАРЬ