Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Эрдоган ууртай байна

Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган ууртай байна. Энэ нь түүний Европын холбооны орнуудад оршин суугаа турк иргэдэд хандсан “нөлөөллийн арга хэмжээнүүд” амжилтгүй болсонтой холбоотой.

Өнгөрсөн Бямба гаригт /2017.03.11/ Туркийн хоёр сайдыг Нидерланд улс нутаг руугаа оруулсангүй.

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу, Нийгэм, гэр бүлийн сайд хатагтай Фатима Бетюль Саям Кайе нар Роттердам хотноо очиж тэнд амьдарч буй турк иргэдтэй уулзах зорилготой байсан ч Нидерландын Засгийн газар зөвшөөрөл өгсөнгүй. Эдгээр сайд турк иргэдтэй уулзаж Турк улсад хийгдэх гэж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжүүлэх зорилготой байсан юм. Турк улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн эрхийг тэлэх зорилгоор ард нийтийн санал асуулгын ирэх дөрөвдүгээр сарын 16-нд хийхээр явуулахаар төлөвлөж байгаа юм.

Нидерландад 400 мянга орчим турк иргэн амьдардаг.

Туркийн сайдуудыг нэвтрүүлээгүй шалтгаанаа Нидерландын Засгийн газар “ийм арга хэмжээний үр дагавар ямар байхыг тааварлашгүй хэмээн болгоомжилсон” гэж тайлбарласан юм. Нидерланд энэ сарын 15-ны өдөр парламентын сонгууль товлогдоод байгаа бөгөөд энэ сонгуульд лалын шашны цар хүрээг багасгах байр суурьтай, “Нидерландыг дахин агуу болгоё” гэсэн уриатай Эрх чөлөө намын төлөөлөгч Герта Вилдерс ихээхэн өндөр рейтингтэй явж байгаа билээ.

Нидерландаас өмнө Австри, Герман, Швейцар улсууд мөн ижил зорилготой очих гэж байсан Туркийн сайдуудыг бас нутагтаа нэвтрүүлээгүй юм. Үүнийг хариуд Эрдоган Германыг “нацист арга хэрэглэж байна” хэмээн буруутгасан бол Нидерландад орж чадаагүй Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Нидерландыг “фашизмын нийслэл” хэмээн нэрлэсэн.

Данийн Ерөнхий сайд Ларс Лёкке Расмуссен туркийн Ерөнхий сайдтай товлосон уулзалтаа хийхээс татгалзсан бөгөөд үүнийгээ тус улс ардчиллын зарчмуудыг үл тоомсорлож байгаа учраас хэмээн тайлбарласан.

Харин Францын Мец хотын захиргаа тус хотод байгаа турк иргэдтэй уулзахыг зөвшөөрсөн ч ямар нэг өдөөн хатгасан үйлдэл хийхгүй байхыг Францын Гадаад хэргийн яам анхааруулжээ.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУДЫН ЭДГЭЭР ҮЙЛДЛИЙГ ЭРДОГАН БУРУУТГААД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД НИДЕРЛАНДЫН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ УРИАЛСАН БАЙНА. “НАЦИЗМ МӨХСӨН ГЭЖ БИ БОДСОН ЧИНЬ ЭНДҮҮРЧ БАЙЖ, БАРУУНД НАЦИЗМ АМЬД ХЭВЭЭР БАЙНА” ХЭМЭЭН ЭРДОГАН ӨЧИГДӨР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖЭЭ.

Нидерландчуудыг нацист хэмээн хэлсэнийхээ төлөө Эрдоган уучлал гуйх ёстой гэж Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте хариу мэдэгдлээ.

Шведэд мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдоганыг дэмжигчдийн уулзалт болох байсан мөнс цуцлагджээ. Шведийн Гадаад хэргийн яамны тайлбараар уулзалтыг Засгийн газар биг уулзалт болох байсан цэнгэлдэх хүрээлэнгийн эзэн цуцалсан гээд өөр газар хийж болохыг сануулсан ажээ.

Дөрөвдүгээр сарын 16-нд болох бүх нийтийн санал асуулгын дүнгээр Үндсэн хуулийн өөрчлөлт дэмжигдэх юм бол Турк нь үндсэндээ парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих юм. Энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгч нь Засгийн газраа бүрдүүлэх, улсын төсөв батлах, шүүгчдийн дийлэнхийг томилох, онцгой байдал зарлах эрхтэй болох юм.

Дэлхийн улс орнуудад 5,5 сая турк иргэн амьдарч байгаагийн дийлэнх нь Европын орнуудад байгаа юм. Тухайлбал, Германд гэхэд 1,4 сая турк амьдарч байна. Тиймээс эдгээр иргэдийн саналыг өөртөө татах нь Эрдоганд амин чухал байгаа юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж