Г.Одбаяр ”Их дуулга”-д анх удаа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.03.12-нд нийтлэгдсэн

Г.Одбаяр ”Их дуулга”-д анх удаа түрүүлэв

Г.Одбаяр дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальтай Японы Рики Накаяаг ялж, аваргалав.

Азарбайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнгөрөгч баасан гаригт/2017.03.10/ эхэлсэн билээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 78, нийт 204 жүдоч өрсөлдөж байна. Харин манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй нэг, нийт зургаан тамирчин Бакугийн  татамид зодоглож байгаагаас одоогоор нэг алт, нэг хүрэл медаль хүртээд байна. Мөн шагналт VII байрт хоёр тамирчин шалгарсан.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр алт, 81 кг-д О.Ууганбаатар хүрэл медаль, 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн нар шагналт VII байр эзлэв.

Бакугийн "Их дуулга"-д түрүүлсэн Г.Одбаяр эхний тойрогт хийлж, Украин, Азарбайжаны бөхчүүдийг ялж, хагас шигшээл "Лондон 2012" олимпийн наадмын аварга, "Рио 2016"-н хүрэл медальт Гүржийн алдарт бөх Л.Шавдатуашвилиг дийлсэн юм. Улмаар дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальтай Японы Рики Накаяаг вазари үнэлгээгээр ялснаар "Их дуулга"-ын анхны түрүүгээ хүртлээ. Энэ жингийн хүрэл медалийн тавцанд "Рио-2016" олимпийн мөнгөн медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Азербайжаны Рустам Оружов, "Лондон-2012" наадмын мөнгөн медальт Унгарын Миклош Унгвари нар зогссон юм.

Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, улмаар Азарбайжан, Унгарын бөхчүүдийг ялан хагас шигшээд үлдсэн. Манай бөх Азийн аварга Ираны бөх Моллае Саеид дийлдсэн ч Болгарын Ивайло Ивановыг вазари үнэлгээгээр ялж, медалийн тавцанд зогслоо. О.Ууганбаатар IJF-ийн Гранд Слам болон Гранпри ангилалаас найм дахь хүрэл медалиа авлаа.

Эхний хоёр өдрийн дүнгээр Япон, Израйл, Азарбайжан, Монгол, Бразил, Румын зэрэг найман улс алтан медаль хүртжээ. Бакугийн "Их дуулга" тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 78, +78, эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг-ын жингийн барилдаан болж өндөрлөнө. Манай улсаас өнөөдөр хамгийн хүнд жинд Ц.Наранжаргал /+78/, Ө.Дүүрэнбаяр /+100/ нар барилдана.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж