-Хамгийн түгшүүртэй нь хамрын хөндийн хавдар эрт үедээ ямар нэгэн шинж тэмдэг байдаггүй ажээ-
Долоо хоног бүрийн ням гаригт News агентлаг “Эрүүл мэндийн зөвлөгөө” булангаа уншигчдадаа хүргэдэг. “Эрүүл мэндийн зөвлөгөө” буланд ЕТЕМО эмнэлгийн толгой хүзүүний хавдрын эмч Ц.Одонтунгалаг уригдаж, энэ удаа хамрын хөндийн хавдрын талаарх зөвлөгөөг хүргэж байна. Энэхүү эрүүл мэндийн мэдлэг олгох булангаар та бүхэн ямар өвчний талаар илүү мэдлэг, мэдээлэлтэй болмоор байгаагаа, мэргэжлийн эмчээс асуух тодруулах зүйлээ info@news.mn хаягаар илгээгээрэй. Мөн бидэнд хэрэгтэй зөвлөгөөг ч та бүхэн ирүүлэх боломжтой юм.
Хамрын хөндий нь дундаа яс мөгөөрснөөс тогтсон таславчаар хоёр хэсэгт хуваагдсан байдаг ба агаарыг шүүж, чийглэн бүлээсгэж уушги уруу дамжих нөхцөлийг бүрдүүлэхээс гадна эргэн тойронд нь байх дайвар хөндийнүүдийн хамт дуу авиаг цуурайтуулан гаргах үүрэгтэй. Хамрын эргэн тойронд нүүрний яснуудад духны (хамрын дээр духны доод хэсэгт байрлана), элхэгийн (хоёр нүдний хооронд хамрын уг хэсэг байрлана), хамрын хөндийн төгсгөлд гавлын суурь хэсэгт суурь ясны хөндий, хацрын ясны цаана буюу хамрын хоёр талд дээд эрүүний буюу өөрөөр хэлбэл хоншоорын гэж нэрлэгддэг хөндийнүүд байдаг. Эдгээр хөндийнүүдийг дотор талаас нь агаарт хуурайшихаас сэргийлдэг салс ялгаруулагч эсүүд хучдаг. Эдгээр эсээс гадна өөр хэд хэдэн төрлийн эс байх ба хавдар аль ч эсээс ургаж болдгоороо аюултай юм.
Эрсдэлт хүчин зүйлс
Өвчин үүсэхэд нөлөөлдөг, өвдөх магадлалыг ихэсгэдэг хүчин зүйлсийг эрсдэлт хүчин зүйлс гэх ба эдгээр хүчин зүйлсийн үйлчлэлд байдаг гэдэг нь та гарцаагүй өвдөх эсвэл өвдсөн гэсэн үг биш бөгөөд гагцхүү анхаарч урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах боломжийг бий болгоход дөхөмтэй юм. Хамар түүний дайвар хөндийн хорт хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлсэд дараах зүйлс ордог. Үүнд:
- Дараах ажил мэргэжлийн нөхцөл:
- Мужаан, тавилгын үйлдвэр, модны тоос
- Мод боловсруулах үйлдвэр
- Гутлын үйлдвэр
- Металл ялтас эдлэлийн үйлдвэр
- Гурилын үйлдвэр, нарийн боовны цех
- Цемент болон бусад нунтаг барилгын материал үйлдвэрлэл ажилладаг хүмүүс өртөх магадлалтай байдгийг анхаарах хэрэгтэй юм.
Хамрын хөндийн хавдрын илрэх шинж тэмдэг
Хамгийн түгшүүртэй нь хамрын хөндийн хавдар эрт үедээ илрэх шинж тэмдэг байдаггүй гэхэд болно. Яг аль хөндийд байхаас хамаардаг ч ихэвчлэн хожуу илэрдэг. Мөн дараах шинж тэмдгүүд зөвхөн хавдрын үед бус өөр эмгэгийн үед ч мөн үүсдэг тул аливаа шинж тэмдэг илэрвэл тэр тусмаа эмчилгээ арга хэмжээнд засал авахгүй удвал мэргэжлийн эмчээр шалгуулж онош тодруулах шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатайг анхаарна уу.Үүнд:
- Хамар битүүрч арилахгүй байх
- Толгой хүндрэх
- Дайвар хөндийн байрлалын орчмуудад өвчтэй болох
- Хамраас цусархаг, усархаг гэх мэт шүүрэл ялгадас гарах
- Хамрын дотор өвчтэй шарх гараад эдгэхгүй байх
- Хамрын дотор битүүрсэн үүсвэр мах ургах
- Тагнай уруу цүлхийх, овойх
- Хацар нүүр нэг талдаа овойх хавдах
- Нүүрний аль нэг хэсгүүд бадайрах, мэдээ алдах
- Нүд бүлтийх, овойх, хоёрлож харах, хоёр нүдний харцны чиглэл өөрчлөгдөх
- Дээд шүднүүд өвчин орох, сулрах, хиймэл шүд таарахаа болих
- Чих уруу өвдөх, даралт мэдэгдэх зэрэг шинж тэмдгийг үл тоон орхигдуулж болохгүйг дахин сануулъя.
Оношлогоо, эмчилгээ
Дээрх шинжүүд гарч эмчилгээнд намдахгүй удах, богино хугацаанд намдаад шинж тэмдэг улам дордоод дахиад байх зэрэгт цаашид чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж онош тодруулах шинжилгээ хийлгэнэ. Ясан ханан дундах хөндийн үүсвэр илрүүлэх гэж байгаа тул толгой хүзүүний компьютер томографи, MRI хийх ба үүсвэрээс эд эсийн шинжилгээ авч ямар эсээс ургасан болон хортой хоргүйг тогтоож онош баталсны дараа эмчилгээ хийгддэг. Эмчилгээ нь эд эсийн гарал болон хавдрын үе шат хэмжээ тархацаас хамааран дан мэс заслын болон туяа, хими эмчилгээтэй хавсарсан байж болно. Мэс засал эмчилгээний дараа нөхөн сэргээх эмчилгээ хийгддэг.
Урьдчилан сэргийлэх
Эрсдэлт хүчин зүйлийн талаар мэдлэг мэдээлэлтэй байж, тоос тоосонцор ихтэй орчинд байдаг бол хөдөлмөр хамгааллын дэглэмээ сайн баримтлах, эмгэгийн шинж тэмдэг илрээд эдгэхгүй ужгиран удаж дордвол даруйхан мэргэжлийн эмчийн зөвлөгөө авахаас өөрөөр тогтоогдсон урьдчилан сэргийлэх дэглэм арга хэмжээ гэж байхгүй юм. Мэдээж тамхинаас татгалзах нь том эрсдэл хүчин зүйлсээс зайлсхийж буй хэрэг билээ.
Ч.БОЛ