“Петровис”, “Шунхлай” зэрэг нефть импортлогч томоохон таван компани өнгөрсөн хоёрдугаар сард шатахууны үнийг төрөл тус бүрт 100 орчим төгрөгөөр нэмсэн.
Засгийн газраас шатахууны импортын татварыг бууруулж, шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн ч дур мэдэн үнээ нэмсэн нь шударга бус явдал гэж үзэх хүмүүс байгаа. Тиймээс ч уг асуудалтай холбогдуулан Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас “Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өссөн. Ингээд шатахууны импортын үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамд 41-60 орчим ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж эхэлсэн. Тиймээс Засгийн газрын тогтоолоор авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан, дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан. Гэвч хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ нэгдүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр дахин 22-26 орчим ам.доллараар өссөн. Тиймээс шатахууны зарим компани хоёрдугаар сараас эхлэн шатахууны үнийг литр тутамд 150 хүртэл төгрөгөөр өсгөөд байгаа юм. Иймд дээрх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Ашигт малтмалын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулж ажиллаж эхэллээ” хэмээн мэдэгдэж байсан юм.
Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тодруулахад шатахууны үнийг зохиомлоор нэмсэн эсэхийг тогтоосон дүгнэлт хараахан гараагүй байгаа ч удахгүй гарна гэсэн мэдээллийг өглөө.
Л.ДОРЖ