Азарбайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангилалын тэмцээн гуравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 78, нийт 204 жүдоч өрсөлдсөн юм. Харин манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй нэг тамирчин Бакугийн татамид зодоглосноос алт, хүрэл медаль тус бүрийг нэгийг хүртлээ. Мөн шагналт байранд хоёр тамирчин орсон юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр алт, 81 кг-д О.Ууганбаатар хүрэл медаль, 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн нар шагналт VII байр эзлэв. Харин хүнд барилдсан Ц.Наранжаргал /+78/, Ө.Дүүрэнбаяр /+100/ нар медалийн төлөө өрсөлдөх өрсөлдөөнийг гаргаж чадсангүй.
Шагналын сан 154 мянган ам.долларт багтсан тус тэмцээнд олимп, дэлхийн медальтнуудтай олон алдартнууд ирсэн юм. Гурван өдөр үргэлжлэн явагдсан "Их дуулга"-д манай зургаан тамирчин оролцсон ч аваргатай ирлээ. Тэр дундаа олимп, дэлхийн аваргыг ялан төрийн дууллаа эгшиглүүлсэн Г.Одбаярын барилдаанууд онцлог нь байлаа.
ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГЫГ ЯЛЖ, АВАРГАЛСАН Г.ОДБАЯР
Бакугийн "Их дуулга"-д түрүүлсэн Г.Одбаяр эхний тойрогт хийлж, Украин, Азарбайжаны бөхчүүдийг ялж, хагас шигшээд "Лондон 2012" олимпийн наадмын аварга, "Рио 2016"-н хүрэл медальт Гүржийн алдарт бөх Л.Шавдатуашвилиг дийлсэн юм. Улмаар дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медаль Японы Рики Накаяаг вазари үнэлгээгээр ялснаар "Их дуулга"-ын анхны түрүүгээ хүртлээ. Энэ жингийн хүрэл медалийн тавцанд "Рио-2016" олимпийн мөнгөн медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Азербайжаны Рустам Оружов, "Лондон-2012" наадмын мөнгөн медальт Унгарын Миклош Унгвари нар зогссон юм.
73 кг бол хамгийн өрсөлдөөнтэй жингийн нэг. Энэ удаагийн Бакуд "Рио-2016" олимпийн мөнгөн медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Азербайжаны Рустам Оружов, олимпийн алт, хүрэл медальт Гүржийн Л.Шавдатуашвили, дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медаль Японы Рики Накаяа зэрэг хүчтэй өрсөлдөгч нар олон байсан. Тиймээс энэ жинд хэн түрүүлэх нь таамаг мэт байсан юм.
О.УУГАНБААТАР IJF-ИЙН ГРАНД СЛАМ БОЛОН ГРАНПРИ АНГИЛАЛААС НАЙМ ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИА АВЛАА
Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, улмаар Азарбайжан, Унгарын бөхчүүдийг ялан хагас шигшээд үлдсэн. Манай бөх Азийн аварга Ираны бөх Моллае Саеид дийлдсэн ч Болгарын Ивайло Ивановыг вазари үнэлгээгээр ялж, медалийн тавцанд зогслоо. О.Ууганбаатар IJF-ийн Гранд Слам болон Гранпри ангилалаас найм дахь хүрэл медалиа авлаа.
Ч.БОЛОР