ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр Владимир Путин, Дональд Трамп нар ирэх долдугаар сард ХБНГУ-ын Гамбург хотноо болох Их-20-ийн уулзалтын үеэр уулзаж магадгүй ажээ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп албан үүргээ авсанаас хойш дэлхийн хэд хэдэн улсын төрийн тэргүүнтэй уулзсан боловч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьснаас биш уулзаагүй байгаа юм. Энэ хоёр улсын тэргүүн нарын уулзалт олон хүний анхаарлыг татаж байгаа юм.
Дмитрий Песковын хэлснээр хоёр тэргүүний хамт оролцох анхны томс хэмжээний арга хэмжээ нь Гамбургийн уулзалт юм.
ОХУ-ын Гадаад хэргийн яам хоёр долоо хоногийн өмнө Путин, Трамп нарын уулзалтын бэлтгэл эхэлсэн хэмээн мэдээлж байсан бөгөөд харин хугацааны талаар үг дурдаагүй юм. Хоёр тэргүүний уулзалтын талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нарын анхны уулзалтын үеэр анх яригдсан.
Дональд Трамп ажлаа авсанаас хойш найм хоногийн дараа буюу энэ оны нэгдүгээр сарын 28-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсан.
А.ТУЛГА