Математикийн уралдааны ялагчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2017.03.10-нд нийтлэгдсэн

Математикийн уралдааны ялагчид тодорлоо

“Олонлог” төв сургуулийн санаачилгаар Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны ойд зориулсан Математикийн Улсын IV уралдааныг гуравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд  зохион байгууллаа. Тус уралдаанд Нийслэл болон хөдөө орон нутгийн 1086 сурагчид оролцсон бөгөөд өнөөдөр /2017.03.10/ “Олонлог академи”-ийн байранд шилдэг 100 гаруй сурагчдыг шагнаж урамшууллаа.

Шагнал гардуулах үйл ажиллагааг нээж “Олонлог” төв сургуулийн үүсгэн байгуулагч Математикийн ухааны доктор Б.Баясгалан үг хэллээ. Тэрээр “Математикийн ухааныг шүтэн биширдэг, амжилттай суралцахыг хүсч явдаг бяцхан шавь нарынхаа энэ өдрийн мэндийг эрье. Оюун ухаантай, эх хэлээ сайн мэддэг, сайн сэтгэдэг байж тухайн орон тусгаар тогтнолоо хамгаалж чаддаг. Сайн сэтгэхийн тулд тоо бодох ёстой гэж би бат итгэдэг. Иймээс бид энэ олимпиадыг 4 жил дараалан зохион байгууллаа. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын санаачилгаар 12 сард болох V уралдаанаа Олон улсын хэмжээний болгохоор ажиллаж байна. Тухайлбал ӨМӨЗО, Буриад, БНСУ, Японы хүүхэд багачуудыг урьж оролцуулахаар шамдан ажиллаж байна. Энэ жилийн уралдаанд оролцсон бүх сурагчиддаа болон “Олонлог” сургуулийн багш ажилтнууддаа талархал илэрхийлье” гэлээ.

Ийнхүү уралдааны шагнал гардуулах ёслол эхэлж нэгдүгээр ангийн бяцхан сурагчдаас эхлэн алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, ном, сэтгүүл, үнэ бүхий зүйлээр урамшууллаа. Нэгдүгээр ангийн олимпиадын тэргүүн байрын шагнал хүртсэн “Олонлог” сургуулийн сурагч Б.Үжин “Өмнө нь би гурван медаль авч байсан. Өнөөдөр дахиад медаль авахад гоё байна. Тооны хичээл хамгийн гоё нь, дараа нь монгол хэлний хичээлд бас дуртай. Багшдаа баярлалаа” гэсэн юм. Түүнтэй хамт нэгдүгээр ангийн алтан медалийг “Соёмбо” сургуулийн сурагч Б.Мичидмаа, “Монгол Оюу” сургуулийн сурагч А.Ану нар тус тус хүртсэн юм.

Уралдаанд хөдөө орон нутгаас Сүхбаатар, Орхон, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн сурагчид ирж оролцсон бөгөөд зарим нэг нь шагналт байруудад шалгарч, медалийн эзэд болцгоожээ. Хүүхэд, өсвөр үеийнхний математик боловсролыг дэмжиж математикт авьяастай сурагчдын оюуны чадавхийг хөгжүүлэх, хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлэх нь уралдааны зорилго гэж зохион байгуулагчид ярьж байлаа.

Мөн уралдаанд оролцогчдыг идэвхитэй бэлтгэн оролцуулсан багш ажилтан, албан хаагчдыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын шагналаар шагналаа. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран математикийн улсын уралдааныг удаа дараа амжилттай зохион байгуулж боловсролын шинэчлэл бодлогыг дүүргийн түвшинд хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажилд идэвхи санаачилга гаргасныг үнэлэн “Олонлог” төв сургуулийн хамт олонд дүүргийн Засаг даргын “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цом гардууллаа.

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж