БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн газраас өчигдөр /2017.03.09/ мэдээлснээр 2016 онд Эрээний боомтоор нэвтэрсэн зорчигч болон ачаа тээврийн автомашины тоо 410 мянгад хүрсэн тухай Хятадын олон улсын радио мэдээлжээ. Энэ нь өмнөх 2015 онтой харьцуулахад 12.9 хувиар нэмэгдсэн дүн бөгөөд энэ уг боомт ажиллаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт ажээ.
Эрээн хотын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн газрын мэдээнд тэмдэглэснээр, 2016 онд Монгол Улсаас Хятад улстай хийсэн худалдааны экспорт импортын нийт хэмжээ 2015 оныхоос 23.7 хувиар буурсан боловч Хятад, Монголын эх газрын хамгийн том Эрээний боомт хилээр нэвтэрсэн зорчигч болон ачаа тээврийн автомашин уг боомтыг ажиллуулснаас хойших шинэ амжилтыг тогтоосон байна.
Монгол улс нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дийлэнхийг БНХАУ-аас импортлон авч байгаагийн дийлэнх нь энэхүү боомтоор дамжиж байгаа юм.
А.ТУЛГА