Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцлоо

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн гуравдугаар сарын 11-12-нд Улаан-Үд хотод боллоо.

XXII удаагийн тэмцээнд 11 орны 110 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдсөнөөс манайхан нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртэв.

Ингэснээр 2013 оноос хойш эрэгтэйчүүдийн Буриадад түрүүлдэг уламжлал тасарлаа.

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн мөнгө, 57 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Занданбудын Занабазар, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Батмагнай, 70 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д “Хасу Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Баасанцогтын Өлзийсайхан, 97 кг-д “Ганьт” клубийн тамирчин ОУХМ Лувсандоржийн Төртогтох, “Женко” клубийн тамирчин спортын мастер Мөнхжаргалын Билгүүтэй хүрэл медаль хүртлээ. Сонирхуулахад, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн, Б.Батмагнай нар гурав дахь хүрэл медалиа, Л.Төртогтох, М.Билгүүтэй нар өнгөрсөн жилийн медалиа ихэрлүүлж, З.Занабазар, Б.Өлзийсайхан Улаан-Үдээс анхны медалиа зүүлээ.

61 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир, оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Нэмэхбаяр, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга нарын шилдгүүд бүгд зодоглосон ч хараахан медаль хүртсэнгүй. Тэдний жинд Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” болон ОХУ-ын АШТ-ий медальтнууд болох Тувагийн Омак Сюрюн, Якутын Вечяслав Ефремов, Нургун Скрябин, Буриадын Даша Шарастепанов, Баир Цыренов, Москвагийн Рустам Ампар зэрэг Оросын хөнгөн жингийн шилдгүүд зодоглосон нь өрсөлдөөн ямар ширүүн болсныг илтгэнэ.

Тэмцээний дүн:

57 кг (16 бөх):

        1. Тамир Гармаев

        2. Солбон Тумэнбаяров

        3. Жаргал Дамдинов (ОХУ, Буриад), Занданбудын Занабазар (Монгол)

61 кг (24):

        1. Омак Сюрюн (ОХУ, Тува)

        2. Даша Шарастепанов (ОХУ, Буриад)

        3. Адексей Медведев (ОХУ, Хакасия), Нургун Скрябин (ОХУ, Якут)

65 кг (17):

        1. Алексей Боровицкий

        2. Булат Батоев (хоёул ОХУ, Буриад)

        3. Батчулууны Батмагнай (Монгол), Роман Вершински (ОХУ, Красноярск)

70 кг (11):

        1. Евгений Жербаев (ОХУ, Буриад)

        2. Илья Филиппов

        3. Надирбег Хизриев (хоёул ОХУ, Красноярск), Ганзоригийн Мандахнаран (Монгол)

74 кг (14):

        1. Никита Сучков (ОХУ, Красноярск)

        2. Гамид Жалилов (Тажикистан)

        3. Арсалан Будажапов, Азрет Улишбашев (хоёул ОХУ, Буриад)

86 кг (10):

        1. Никита Зеленков (ОХУ, Красноярск)

        2. Оргодолын Үйтүмэн

        3. Баасанцогтын Өлзийсайхан (хоёул Монгол), Илья Арчиа (Украин)

97 кг (9):

        1. Юрий Власко (ОХУ, Буриад)

        2. Юрий Белановский (ОХУ, Красноярск)

        3. Мөнхжаргалын Билгүүтэй, Лувсандоржийн Төртогтох (хоёул Монгол)

125 кг (10):

        1. Балдан Цыжипов (ОХУ, Буриад)

        2. Мухамази Магомедов (ОХУ, Красноярск)

        3. Остап Пасенок (ОХУ, Кемерево), Цыбик Максаров (ОХУ, Буриад)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж