Мөсөн дунд амьдрагсад
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хөрсний ус ундарснаас болж 35 айл усанд автсан. Үүний улмаас Баянзүрх дүүргийн Онцгой байдлын комисс болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж шаардлагатай арга хэмжээг авсан билээ. Харин өнөөдөр тус газрын нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 10-р хорооны 1б хэсгийг зорилоо.
Гэр хороолол дундуур явсаар зорьсон газартаа ирвэл машин замаас эхлэн мөстсөн хэвээр байлаа. Тус дүүргийн хэсгийн байцаагчаар 10 гаруй жил ажилласан Л.Сумъяабазарын хэлж буйгаар хуучин Ботаникийн цэцэрлэгийг усалдаг том хоолойг хааснаас болж олон айл орон оронгоо усанд “алджээ”. Тэрбээр “Цэцэрлэг усалдаг том хоолой хар зам доогуур байдаг. Амгалангийн дулааны станц баригдсанаас болж энэ хоолой хаагдаад доошоо урсаж байх ёстой ус нь эндээ бөөгнөрөөд хөлдөөд байгаа юм. 2012 онд нийслэл дүүргийн газрын албаныхан ирээд стандартын шуудуу татна, 80 сая төгрөг төсөвт суусан гэж байгаад засаг төр солигдоод чимээгүй алга боллоо” гэлээ. Түүний хэлснээр дулааны станцын хойно шороо асгаж, түр хаалт хийсэн аж.
Гэхдээ уг хаалтыг ОБЕГ-ын албан хаагчид дулааны станц руу ус орох аюулаас сэргийлж хийсэн бөгөөд Амгалан дулааны станцын барилгатай ямар ч холбоогүй гэдгийг тус хорооны хэсгийн байцаагч Х.Түмэннасан хэллээ. “Энэ хэсэг газар нь дээрээ 7 булагтай. Тэр булгийн хоёрынх нь оргилж байсан ундарган дээр айл шороо асгаж бууснаас бүх зүйл болсон. Хэрэв хаалт хийгээгүй байсан бол Амгалан дулааны станц руу ус орох аюултай байсан учраас ОБЕГ-ын албан хаагчид шуурхай ажиллаж, газар дээр нь арга хэмжээ авсан. Ямар ч далан суваг байхгүй учраас энэ айлууд усанд автсан, хөлдүү мөсөн дунд амьдарч байна. Энэ бол жилийн жилд тулгардаг асуудал. Ганц энэ өвөл ингэсэн юм биш шүү дээ. Одоо дулаарахаар энэ их мөснүүд хайлаад галт тэрэг, автомашины замруу их ус урсаж ирэх аюултай” гэж Х.Түмэннасан ярьсан юм.
Мөсний зузаан зарим хэсэгтээ хашаа давахаар хэмжээний өндөр болсныг оршин суугчид хэлж байна. Энэ хавийн айлын хүүхдүүд өвөлдөө уг мөсөн дээр гулгаж тоглох нь элбэг бөгөөд харамсалтай хэргүүд ч гарч байжээ. Тухайлбал, бяцхан охин гэртээ харьж байх замдаа хөлдүү мөсөнд цөмрөн унаж амь насаа алдсан хэрэг гарч байжээ. Охиныг дөрвөн сар эрж сураад олдоогүй бөгөөд хавар мөс хайлах үед хөрсөн дороос цогцсыг нь гаргаж байсан гэж нэрээ нууцалсан тус хорооны оршин суугч ярьсан юм.
Уг газар зөвшөөрөлгүй оршин суудаг 37 айл байдаг. Дүүрэг, хорооны ажилчид нүүхийг удаа дараа шаарддаг боловч очих газар байхгүй, сургууль, цэцэрлэгээс хол газар очихгүй гээд “хөдөлдөггүй” гэнэ. Эд хөрөнгө, амь насаараа хохирч болзошгүй энэ газарт иргэд өөрсдөө “дурлан” нүүж ирдэг ажээ. Энэ жилээс стандартын дагуу ус урсах голдирол гаргахгүй бол энэ байдал өвлийн өвөлд тохиолдоно гэж хорооны ажилчид, дүүргийн оршин суугчид дуу нэгтэйгээр хэлж байна.
Г.БАТТҮШИГ