Хэрэглэгчдэд хөтлүүлсэн сэтгүүл зүй

Хуучирсан мэдээ: 2017.03.06-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчдэд хөтлүүлсэн сэтгүүл зүй

Үндэсний сэтгүүл зүй үүссэний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна.

…1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Нийслэл хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн Монгол орноо соёлын том хувьсгал байлаа.  Энэ бол Богд хаант улс байгуулагдсаны хоёр дахь жил буюу Олноо өргөгдсөний хоёрдугаар он. Богд хаант Монгол Улсын ерөнхий сайд, сайн ноён Намнансүрэнгийн таван яамт Засгийн газрын хийж байсан олон шинэтгэлийн нэг нь ийн Монгол Улсад анхны тогтмол хэвлэл гарч эхэлсэн хэрэг байлаа. “Шинэ толь хэмээх бичиг”-ийн эрхлэгч нь Ж.Цэвээн байв. Тэрбээр Монголын анхны тогтмол  хэвлэлийг санаачлан үүсгэж, нийтлэлийг нь төлөвшүүлэхэд өөрийн бүтээлээр үлгэр үзүүлсэн гэж хэвлэлийн түүхнээ бичжээ. Тиймээс 1993 оноос эхлэн  сэтгүүлч, судлаачид Ж.Цэвээнийг Монголын сэтгүүл зүйг үндэслэгч гэж үзэх болсон байна.  

Гуравдугаар сарын 6-ны өдрийг сэтгүүл зүйтэй холбосон түүх ийм. Зуунаас илүүг элээсэн сэтгүүл зүйн түүх  өдгөө тун чиг зузаарч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр төрөл, тоо ширхэг олширч, бид олуулаа, бүлтэй, хүчтэй болсон.

Монголчууд өдгөө кабелийн телевизийн 70 орчим сувгаар 20 орчим хэл дээр мэдээлэл хүлээн авч, өдөр тутмын 16 сонин гарч, Улаанбаатарт 18, орон нутагт 79, Монгол Улс даяар хоёр, нийт 99 телевиз эфирийн үйлчилгээ, 72 кабелийн телевиз үйл ажиллагаа явуулж байна. Интернетийн хэрэглээ 2002 оныхтой харьцуулахад 400 дахин өсч, 150 суманд интернет хэрэглэж байна. Манай орон өнөөдөр 1000 хүнд ноогдох хэвлэл мэдээллин хэрэгслийн тоогоор дэлхийн дундаж хөгжилтэй орнуудын үзүүлэлтээс өндөр байна. (2016 оны тавдугаар сарын тоо)

Мэдээллийн даяарчлал манай улсад ямар хүчтэй байгааг дээрх тоон үзүүлэлтээс харж болно. Иргэний сэтгүүл зүй гэх нэн шинэ багийнхныг багтаан тооцвол хэвлэлийнхэн хамгаас олуулаа. Олуулаа тусмаа хүчтэй болдог нийтлэг жишиг сэтгүүл зүйн салбарт харин эсрэгээрээ үйлчлэх боллоо. Ялгагдах аргагүй телевизийн мэдээллийн хөтөлбөрүүд, ихэр гэж эндүүрэм сайтууд, нийтийн дуу, зар сонсгохоос хэтрэхгүй ФМ-үүд, нэг л сэдвийг тал талаас мөлжих сэтгүүлчид гээд уншигч, үзэгч, сонсогчдоо уйдаахад хүрчээ. Бусдаасаа сонин содон контент бэлтгэн нийлүүлдэг мэдээллийн хэрэгсэл гарын арван хуруунаас хэтрэхгүй. Олныг байлдан дагуулсан сонин содон нэвтрүүлгүүд голчлон гадаадын чадварлаг багийнхны дэмжлэгээр л “босч”  байна. Тэдгээр сайтар дуурайсан хувилбаруудыг эс тооцвол олныг соён гэгээрүүлсэн, танин мэдүүлсэн, үүх түүхийг багтаасан бүтээл тун чиг ховорджээ. Энэ бол олдоод өлдөхийн жишээ.

Нөгөөтэйгүүр өнөөгийн сэтгүүл зүй уншигч, сонсогч, үзэгчдийн сонирхолд хэтэрхий хөтлөгдөх болжээ. Өнөөдөр хүмүүс юу уншиж байна вэ, түүнд тохируулж л контент бэлтгэж байна. Танин мэдэхүй, гоо зүй, ёс зүйн үнэлгээ үнэндээ сонин биш. Сэтгүүл зүйн мэргэжлийн бүтээл мөн эсэх нь бүр ч хамаагүй. Ердөө л хэрэглэгчдийн сонирхлыг  татсан, хошууруулсан, хооронд нь мэтгэлцэж, маргалдуулсан ч хамаагүй шуугиан тарьсан бүтээл байхыг илүүд үзэж байна. Баримт бас дахин баримт гэсэн үндсэн зарчмаа олонх нь барихыг хичээдэг ч хурдан, шуурхай байх, бусдаас түрүүлж мэдээлэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөх нь олонтаа тохиолддог. Энэ бүх алдаа мадгийг хэвлэлийнхэн мэддэггүй, сэтгүүлчид анзаардаггүй гэвэл худлаа. Редакц бүрийн өглөөний шуурхайн сэдэв бол сэтгүүл зүйн мэргэжлийн бөгөөд чадварлаг бүтээлийн эрэл хайгуул байдаг. Өмнө нь тийм л байсан, өдгөө ч тийм л байгаа.

СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРТ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ҮЗЭГТ НЭГТНҮҮД МААНЬ ХЭРХЭН ДҮГНЭСНИЙГ ЭШ ТАТАН ДООР СИЙРҮҮЛБЭЛ:

  • …Монголын сэтгүүл зүй маш их бохирджээ. Яг үнэндээ БОХИРДСОН гэхээсээ БУЗАРТСАН гэвэл илүү оновчтой баймаар ч, ийн хэлж үл зүрхлэв. Хэн нэгнээс айсандаа бус өөрийн эрхгүй харамсан гутравч, өмөөрөх сэтгэлийг бас яалтай билээ.

Ш.ДАВААДОРЖ /2009.12.07/

  • …Монголын сэтгүүлчид юунаас татгалзах ёстой вэ? Улс төртэй цус холилдохоос татгалзах ёстой. Монголын улс төр, сэтгүүл зүй хоёр өвөр түрийдээ орж янаглаж амраглахаас татгалзах ёстой. Амьдрах чадваргүй, өөрийгөө аваад явж чадахгүй нууц амрагийн гунигт тавилан Монголын сэтгүүл зүйд хэрэг­гүй.

Н.БАТ /2015.05.04/ 

  • …Шуудхан хэлэхэд, Мон­голын сэтгүүл зүй мөнгөний үнэр авах л юм юм үзэл бо­дол, итгэл үнэмшил гэх зүйлээ уландаа гишгэдэг бол­жээ. Өөрийн гэх ухаан бо­дол­гүй, гэгээн хүсэл мөрөөдөлгүй ерөөсөө л мөнгө боддог, хэн нэгэн албан тушаалтнаас ямар нэгэн аргаар таван хал­тар төгрөг салгахыг чин­хүү хүсэл эрмэлзлэлээ болгосон сурвалжлагчдыг харахаар дэндүү өрөв­дөлтэй юм аа.

Н.ГАНТУЛГА /2013.02.26/

Дотоод асуудлаа барагтай л бол гадагш цацдаггүй салбарынхан маань тэвчээр барагдсандаа ийн дуугарсан хэрэг. Дуугарахдаа дутагдлаа засчихаасай гэсэн сэтгэл өвөрлөсөн нь мэдээж. Харамсалтай нь цаг хугацааны хувьд хамгийн багадаа хоёр жилийн өмнө бичиж, сануулж, бүр тэвчээр барагдан хашгирч байсан сэдэв өнөө ч бахь байдгаараа байна. Дутагдлууд дурайсан хэвээр байна. Харин ч бүр олуулаа болчихсон, олон удаа давтагдчихсан байдалтайгаар 2017 оны Үндэсний сэтгүүл зүйн өдрийг угтаж байна. Үндэсний сэтгүүл зүйн энэ өдрийг тэмдэглэлт баяр ёслол гэхээсээ илүү алдаа мадгаа шүүдэг, засах залруулах гэж сэтгэл чилээдэг өдөр болговол яасан юм бэ. Сэтгүүлч ямар байх, сэтгүүл зүй хэрхэн хөгжих талаар судлаач, шинжээчдийн үгийг сонсдог, түүнийгээ тунгаадаг, хэрэгжүүлдэг өдөр байгаасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж