Хурдан морины хаврын болон зуны уралдаан “Дүнжингарав” төвийн бүсийн уралдаанаар эхэллээ. Жилийн өнгө тольдох “Дүнжингарав” уралдаан Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр болсон юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар хаврын зарим морин уралдааныг тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан. Үүний улмаас “Дүнжингарав” болон зарим уралдааныг зохион байгуулагдах боломжгүй болсон юм. Гэхдээ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа бол шүүхийн уг шийдвэрийг мөрдүүлэх боломжгүй ажээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч талууд давж заалдах боломжтой. Давж заалдан маргалдах хугацаанд уг шүүхийн шийдвэр хүчингүй байдаг. Тэгэхээр талуудын маргах давж заалдах долоо хоногийн хугацаанд “Дүнжингарав” уралдаан болох боломжтой болж байгаа юм. Харин давж заалдах боломжтой долоо хоногийн хугацаанд маргалдаж байгаа талуудын хэн нэг нь өргөдлөө өгөхгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөх учиртай. Иймээс өнгөрөгч баасан гаригт гарсан /2017.03.03/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар өвлийн уралдааныг түр хориглоод байгаа ч гэсэн "Дүнжингарав" зэрэг зарим уралдаан боллоо.
"Дүнжингарав-2017” уралдаан эрлийз дээд нас, азарга, их нас болон соёолонд болсон юм. Ингээд уралдааны нэгдсэн дүнг танилцуулья:
СОЁОЛОН: /140 гаруй хурдан буян гараанаас хөдөллөө/
Түрүү магнай: Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, Монгол Улсын начин н.Батбаатарын саарал үрээ
Аман хүзүүнд: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хээр үрээ
Айргийн гуравт: Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Орхон аймгийн харьяат Н.Отгонбаярын зээрд үрээ
Дөрөвт: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат Д.Баярсайханы хар үрээ
Тавд: Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Д.Ганзоригийн зээрд үрээ
ИХ НАС: /100 гаруй/
Түрүү магнай: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс”-ын Д.Ганбаатарын зээрд морь
Аман хүзүүнд: Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Ш.Мөнгөншагайн хүрэн
Айргийн гуравт: Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайханы хүрэн халзан
Айргийн дөрөвт: Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн хүрэн морь
Айргийн тавд: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр
АЗАРГА /170 гаруй/
Түрүү магнай: Орхон аймгийн Жаргалант сумын уяач Г.Баярцэнгэлийн зээрд азарга
Аман хүзүүнд: Аман хүзүүнд уяач н.Эрдэнбулганы уясан бор азарга
Айргийн гуравт: Уяач н.Дамбажавын хээр
Айргийн дөрөвт: Уяач н.Дамбажавын зээрд
Айргийн тавд: “АПУ”-гийн Г.Батхүүгийн хүү Б.Ганхүлэгийн хул азарга орж, тус тус хурдаллаа.
Ч.БОЛ