Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид онц их хэмжээний хохиролтой луйврын гэмт хэргийг илрүүлэн, шалгаж эхэлжээ. Тодруулбал, тус хэлтсийн алба хаагчид Румын улсын иргэн Михайла Флорен /34 настай/ гэгч Улаанбаатар хотын 22 цэгт байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд 63 удаагийн оролдлогоор луйврын гүйлгээ хийж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлсэн байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсныг эсэргүүцэж, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн тус дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид тэмцэл эхлүүлээд байсан. Энэ тэмцэл нь бямба гаригаас өлсгөлөн болж, хувирчээ. Нийт таван хүн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны гадаа өлсгөлөн зарласныг эх сурвалж мэдээллээ.
УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгнө үү гэсэн хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт өмгөөлөгч нар нь нийслэлийн Прокурорын газарт хандан тавьжээ. Авлигатай тэмцэх газраас Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр байцаалт авч байгаад цагдан хорих шийдвэр гаргасан юм.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хойд хөршид Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж байна. Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургуулийн захиалгаар 2017-2018 оны хичээлийн жилд бакалавр, магистрантур, адъюнктурт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалт зарлаад байна.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин гарч, өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 3-нд Зам тээврийн сайд тушаал гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна. Үүнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг руу зорчих тээврийн хэрэгсэл хамаарч байгаа юм.
“Дүнжингарав-2017” морин уралдааныг хориглосон нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр өнгөрсөн баасан гаригт гараад байсан. Гэвч өчигдөр /2017.03.05/ товлосон ёсоор “Дүнжингарав-2017” хаврын уралдаан Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд боллоо. Эрлийз морины уралдаанаар эхэлсэн энэ уралдааны азарга насанд 170 гаруй хүлэг шандас сорьсноос Орхон аймгийн Жаргалант сумын уяач Г.Баярцэнгэлийн зээрд азарга түрүүлжээ.
Орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн төлөөлөгчид ялалт байгуулж, олонх болсон байтал хотын дарга хууль бус шийдвэр гаргасан. Түүгээр зогсохгүй цагдаа нар иргэд рүүгээ халдаж, ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэлээ. Ийм бусармаг үйл явдалтай нийслэлийн Ардчилсан нам эвлэрэхгүй, тэмцэнэ. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Н.Эрдэнэболд сайн дураараа огцрох ёстой” хэмээн өнгөрсөн баасан гаригт /2017.03.03/ нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд мэдэгдсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг шинээр баталж хэрэгжиж эхлээд буй билээ. Тэгвэл гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд шүүгч, эвлэрүүлэн зуучлагчдыг нэг цэгт төвлөрүүлж, мэргэшүүлэх боломжийг бүрдүүлсэн шүүхийн III дугаар байрны нээлт энэ сарын 3-ны өдөр /2017.03.03/ болжээ. Ингэснээр энэ хэргийн маргааныг таслан зогсооход мэргэшихээс гадна урьдчилан хамгаалах юм.