АНУ-ын кино акедемийн 89 дэх удаагийн шагнал гардуулах ёслол буюу "Оскар"-ын "Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино" төрөлд нэр дэвшсэн "Куржет хүүгийн амьдрал" /My life as courgette/ хүүхэлдэйн киног өчигдөр /2017.03.05/ "Тэнгис" кино театр албан ёсны эрхтэйгээр кино сонирхогч хүүхэд, залууст үнэ төлбөргүй хүргэлээ. Дэлхийн 50 гаруй орны дэлгэцээр гарсан уг бүтээл Монголыг тойрсонгүй.
Энэ жилийн Оскард "Zootopia", "Moana", "Kubo" гэх мэт томоохон бүтээлүүдтэй өрсөлдсөн тус киноны найруулагч Клауд Варрас "Тэнгис" кино театрт өөрийн биеэр хүрэлцэн ирж үзэгчдийн сонирхсон асуултад хариулт өгч кино бүтсэн түүхээсээ хуваалцлаа. Кино эхлэхийн өмнө тэрээр "Энэ бүтээлээ Ази тивд хамгийн анх БНСУ-д гаргаж байсан бол хоёр дахь орон нь Монгол болж байна. Зарим улс орон хүүхдийн кино үзэх насыг зааж өгсөн байдаг. Швейцар улс гэхэд 6-аас доош, зарим оронд 12-оос доош насны хүүхдийг кино үзэхийг хориглосон байдаг. Харин өнөөдөр энэ зааланд маш олон багачууд цугласан байгаа харагдаж байна. Ямартай ч та бүгдэд таалагдана гэж найдаж байна" гээд кино эхлэхэд бэлэн болов. Заалны гэрэл бүдгэрэхтэй зэрэгцэн үзэгчдийн чимээ ч намсав.
Цэнхэр үс, улаан хамар, "төмс" шиг толгойтой Куржет хүү цаасан шувуу гэрийнхээ цонхоор хийсгэж буй хэсгээр кино эхлэх ажээ. Золгүй явдлаар ээжийгээ алдсанаар өнчирсөн хүүг нэгэн цагдаа хүүхдийн асрамжийн газарт хүргэж өгнө. Үүнээс гол үйл явдал цааш өрнөнө. Гэр бүл, эцэг эхийн хайхрамжгүйгээс болж хүүхдүүд хэрхэн хохирч байгааг Куржет хүүгийн амьдрал, түүний өсч торниж буй асрамжийн газар, найз нөхдийн хэсэг хугацааны үйл явдлаар тун гайхалтай харуулжээ.
Төгсгөлд нь 66 минутын турш Куржет хүүгийн амьдралд "орсон" үзэгчдийн нүдэнд цийлэгнэсэн нулимс, тасралтгүй хавсрах алга ташилт үнэхээр л Оскарт өрсөлдөхүйц бүтээл болсныг гэрчилнэ. Танхимд цугласан хүмүүсийн дийлэнх нь залуучууд, хүүхдүүд байсан бол олны танил зарим эрхмүүд ч түүний бүтээлийг сонирхохоор гэр бүлээрээ ирсэн байлаа.
Найруулагч үг хэлэхээр дахин гарч ирэхэд танхимд цугласан хүмүүсийн түүнийг хүндлэх, хүлээж авах хандлага илүү болсон байлаа. Тэрээр уг киногоо бүтээхийн тулд ойролцоогоор гурван жилийг зарцуулжээ. Үзэгчдийн асуусан асуултад тэрээр "Кино маань stop motion аргаар хийгдсэн учраас секунд тутамд нэг зураг авахад цаг хугацаа, нарийн чимхлүүр ажил их шаардагдсан. Энэ кино миний амьдралтай ямар ч холбоогүй. Харин одоо хийхээр төлөвлөж байгаа шинэ кино маань миний амьдралтай холбоотой байх болно" гэсэн юм. Ийнхүү үзэгчдийн сонирхсон асуултад хариулт өгсний дараагаар дурсгалын зураг татуулж үйл ажиллагаа өндөрлөх цаг болсон ч Оскарын тайзнаа нэрээ цуурайтуулсан авьяаслаг найруулагчтай өөрөг зураг авахуулах үзэгчдийн дараалал нэмэгдсээр байлаа. Клауд Варрас өмнө нь богино хэмжээний зургаан хүүхэлдэйн кино хийж байсан бөгөөд "Куржет хүүгийн амьдрал" нь түүний анхны бүрэн хэмжээний хүүхэлдэй ажээ.
Г.БАТТҮШИГ