Саяхан даа. Шинийн нэгэнд. Монголын ХХ зууны сор бүтээл болсон “Тунгалаг тамир” киног сэргээн засварлаж, аль ч нийгэмд амьдарч чадах гүйлгээ ухаантай Итгэл баяны философийг дахин биширсэн сэн. Гэтэл… Дуу, дүрсийг нь дахин сэргээн “амилуулсан” киногоо хараад “Итгэлт” биднийгээ орхиод явжээ. Монголын кино урлагийн нэгэн оргил болсон их хүн хаврын тэргүүн сарын эхэнд тэнгэрийн орондоо залрав. Уйтгар гуниг, эмгэнэн гашуудах гансрал элэг нэгтнүүдийнхээ элгийг эгшээв. Тэр ард түмэндээ гэхээсээ илүүтэй Монголын кино урлагт нөхөж баршгүй орон зайгаа орхиод явжээ.
Тэрээр Итгэлт баяны үг, үйлдэл бүрээр хүний амьдралын үнэ цэнэ, утга учрыг дурайтал зураглаж өгсөн авьяас билэгтэн байлаа. Тэр л үг хэвээр, тэр л төрх хэвээр, тэр л амьдрал хэвээр мэт өчигдөрхнийг хүртэл санаж явж…
Хүн гэгч ийм л гэнэн амьтан. Даан ялангуяа дэргэдэх эрдэнээ үл тоож үргэлжид хувьсан өөрчлөгдөх хуурмаг бүхэнд дурлаж явах юм даа. Амьдрал он цагаар бус утга учраараа хэмжигддэг гэх мэргэн үг чухамхүү энэ санж.
Аюурзанын Очирбат. 1928 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр хэмээх газар нэгэн хүмүүн дуугаа хадаан мэндэлжээ.
Тэр Улсын хүүхэд залуучуудын театрын анхны 13 жүжигчний нэг байлаа. Түүний анх тоглосон жүжиг нь Ч.Лодойдамбын “Нэг ангийнхан” жүжиг. Түүнээс л хойш энэ хоёр эрхэм хүний зуу, зуун дамжин өртөөлөх хосгүй бүтээлийн эхлэл тавигдсан гэлтэй.
Эргээд харахад ардын жүжигчин А.Очирбат абугай 1950 оноос хойш тайзны 200, дэлгэцийн 30 орчим дүрийг амилуулжээ.
Түүний энэ насандаа амьдруулсан хамгийн том дүр юу вэ гэвэл хүн бүр өөр өөрийг хэлэх биз ээ. “Тунгалаг тамир”-ын Итгэл, “Мандухай сэцэн”-ийн Сатай сайд, "Ромео, Джульетта" жүжгийн Меркуцио гээд бүгд л өөр өөрийнхөө хариулах байх. Харин тэрбээр амьд сэрүүн ахуйдаа Итгэлтэд Ч.Лодойдамба гуай сонгосон бол Сатай сайдын дүрийг өөрөө санал болгож тоглосон хэмээн хэлсэн нь бий. “Итгэлт бол хийх ажилтай дүр шүү дээ. Дүрийн хувиралт, тоглолт гээд жүжигчнээс олон чадвар шаардана. Харин Сатай сайд нэгэн хэвийн дүр. Кино дуусахад ч тэр хэвээрээ л төгсдөг. Хийх ажилгүй байна гэдэг ямар хэцүү гээч. Жүжигчин хүн чинь өөрийгөө эвдэх ёстой. Гэтэл би Сатайд нэг хэлбэрээр тоглоод л дууссан даа” гэж даруухнаар хэвлэлд ам нээхдээ дурджээ. Гэхдээ монголын сэцэн мэргэдийн дундаршгүй ухаан, насаараа үзэл бодол үйл хэрэгтээ үнэнчээр зүтгэж, эцсийн амьсгалаа ч төрдөө зориулж, “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирч ирсэн үе үеийн мэргэдийн дүрийг өөр хэн ч бүтээж чадахгүйгээр бүтээсэн шижир алт байжээ.
Гэхдээ тэрбээр билэг авьяастаа зохицоогүй гэмээр эгэл даруухан нэгэн байсныг “Энэ дүр бол үнэхээр гойд дүр. Би сайндаа энэ дүрийг сайн гаргачихсан юм биш Ч.Лодойдамба багшийн мундгийнх байхгүй юу. Энэ дүр бол их том дүр. Том дур жүжигчнээ өөрөө аваад явчихдаг юм” хэмээн учирладаг байсан нь гэрчилнэ. Харин түүний энэ үгтэй “Тунгалаг тамир”-ыг үзсэн хэн боловч санал нийлэх нь юу л бол. Харин жүжигчдийг хөтөлж, өөрийнхөө дүрээр бусад гол бөгөөд туслах дүрийг нь тодруулж, түүгээрээ илүү ихийг ухааруулагч жүжигчин өдрийн од мэт ховорхон байдаг агаад тэрхүү гэрэлт од нь ардын жүжигчин А.Очирбат гэж ам нэгтэйгээр дуу алдах биз ээ.
Тийм ээ, бурхны орон Итгэлтээр, бурхан Сатай сайдаар дутав. Гэвч Аюурзанын Очирбат гэгч хүмүн бидний сэтгэлийн зүрхэнд урласан тэр гайхамшигт дүрүүдэд дутуу зүйл нэгээхэн бээр ч үгүй билээ. Ум маани бадми хум. Бурхны орондоо саадгүй морилох болтугай…
Энэ гайхамшигт хүмүүний тухай С.Пүрэвсүрэн, Э.Дүүриймаа нарын уран бүтээлчдийн “Кино миний амьдрал” баримтат киног та бүхэнд хүргэж байна.
Аугаа хүмүүний амьдрал, уран бүтээлийг үеийн үед дурсаж явах болтугай.