Гэвч улс орнуудын гадаад харилцааны ёс жишиг, тэр тусмаа дипломат харилцааны нэр хүнд гэдэг зүйл байдаг сан бол ноён Диксоны “татаар ажиллагаа”-ны талаар хэрэгсэхгүй өнгөрөх ёсгүй л баймаар. Тийм ч учраас Их Британийн Элчин сайд ийн хууран мэхлэх замаар хүнийг шорон руугаа чирж чадаж байсан юм чинь бусад улсуудад байгаа элчин сайдууд ч чингэхгүй гэхийн арга байхгүй гэдгийг Б.Хурцын өмгөөлөгч Алун Жонсон анхааруулаад “Шүүхийн энэ шийдвэр гарсантай холбогдуулаад дэлхийн улс орнууд Британийн Элчин сайд нарт итгэл үзүүлнэ гэж үү” гэсэн асуултыг тавьсан юм. Мөн олон улсын ажиглагчид энэхүү хэргийг аливаа нэг улсын иргэнийг хуурч авчран баривчлаад, аль нэг улс руу шилжүүлж болдог юм байна гэсэн буруу жишгийг батлан харууллаа ч гэж дүгнэж байгаа юм. Аль ч улсын Элчин сайд ийм хэмжээний хууран мэхлэлтийг толгой даан хийхгүй нь даанч тодорхой. Тийм ч учраас энэхүү асуудлыг өндөр дээд хэмжээнд авч үзэх ёстой гэж ч үзэхээр байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Английн тал зөвхөн Б.Хурцыг бус түүнд хэн хил дамнуулан хүн хулгайлах үүрэг өгөв өө гэдэгт анхаарлаа хандуулж байгаа гэсэн мэдээллээс шүүрээд харах юм бол Б.Хурц биш Монгол Улсын “толгой”-той ноцолдох гээд байна уу ч гэж хардмаар.
Ямар ч гэсэн асуултын тэмдэг Английн Элчин сайд аснаас хэргийг алслуулсаар байна. Б.Хурцыг Германы талд шилжүүллээ гэхэд ямар “Английн Элчин сайд манай хүнийг хуураад…” гээд л “үлгэр”-ээ ярьж эхлэлтэй биш.
Гэхдээ дээр дурдсан ноён Жонсоны “Их Британийн Элчин сайдуудад итгэж болох уу” гэдэг асуулт чанга бөгөөд хүчтэй хэвээрээ байгаасай гэж найдацгаая. Монгол Улс өдгөө хэн нэгний хялайж харахад сүрддэг улс биш болсон. Тэр тусмаа тэтгэвэртээ гарах шахсан дипломатчаа илгээдэг “цөллөг”-ийн улс ч биш болсон. Уул уурхайн баялгийн гараагаараа улс орнуудын сонирхлыг татсан анхаарлын хурц цэг болоод байгаа нь богинохон хугацаанд өөрчлөгдөж байгаа гадаад харилцааны хандлагаас ч харагдаж байгаа. Гадны улс орнуудын сонирхлыг татсан томхон тоглогч болон өндийж байгаа улс билээ, Монгол Улс.