Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн "Коппелия" буюу "Цэнхэр нүдэн бүсгүй" балетыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид өнөөдөр /2017.03.05/ тоглох гэж байна.
Энэ жил тус балетыг УДБЭТ-ын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой тохиож байгаа юм.
Энэ гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-нд Францын Парис хотноо "Гранд опера" театрын тайзнаа амилуулсан байдаг.
Хүний дотоод сэтгэлийн нарийн бүхнийг уран тансаг илэрхийлсэн гайхалтай уянгалаг, хэмнэлтэй, баялаг хөгжим симфони өгүүлэмжтэйн зэрэгцээ бүжигчин бүхэнд хялбар эвлэхгүй нарийн, чамбай хөдөлгөөн, жүжиглэлттэй гэдгээрээ энэхүү балет онцгой ялгардаг билээ. "Цэнхэр нүдэн бүсгүй" нь францын романтик урсгалын сүүлийн балет бөгөөд АртурСенЛеоны уран бүтээлийн оргил нь хэмээн балетын ертөнцөд тооцогддог.
Гайхалтай бүжиг, гайхалтай хөгжмөөс гадна сонгодог урлагт ховор тохиох хошин төрөлд хамаардаг нь "Цэнхэр нүдэн бүсгүй" балетыг улам өнгөлөг, тод болгосон гэлтэй. Дэлхийн олон оронд "Хүүхдийн заавал үзэх жүжиг" жагсаалтад энэхүү балетыг оруулсан байдаг.
Үйл явдал:
Эртний түүхт Галиц гэх жижиг хотын төв талбайд хүүхэлдэй урлагч эрдэмтэн Коппелиус өвгөний сууц бий. Сууцны тагтан дээр хэнтэй ч үг дуугаралгүй өдөржин ном уншин суудаг Коппелия охин байдаг аж. Франц хэмээх залуу хархүү хэдий өөр бүсгүйтэй сүй тавьсан ч охинд сэтгэл алдран, гэрлэхийг хүснэ. Францын сүйт бүсгүй Сванильда хайртай залуу нь Коппелияруу үнсэлт илгээж байхыг харан бухимдана. Гэвч удалгүй СванильдаКоппелияаг галзуу өвгөн Коппелиусын урласан хүүхэлдэй болохыг олж мэднэ. Тэгээд Коппелиягийн дүрд хувирч Францынхаа хайр сэтгэлийг эргүүлж авахаар шийднэ.
Бөөн үймээн болсон ч удалгүй бүх зүйл байр байрандаа орж Франц, Сванильда хоёр гэрлэн олноороо баясаж, бүжин цэнгэнэ.
Франц – Д.Нацагдорж
Коппелиус – Х.Ганбаатар
Д.ЖАГАР