Баянзүрхийн талаарх байр суурь

Хуучирсан мэдээ: 2017.03.06-нд нийтлэгдсэн

Баянзүрхийн талаарх байр суурь

Э.БАТ-ҮҮЛ: АРД ТҮМЭН МИНЬ СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГААРАЙ

Баянзүрх дүүрэгт өрнөж буй нөхцөл байдлын талаар Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай  хэлэхдээ “Баянзүрх дүүрэг /БЗД/-ийн ИТХ-д АН-аас 22, МАН-аас 19 суудал авсан. Гэтэл тус дүүрэгт  болсон явдлын талаар МАН-ынхан өрөөсгөл тайлбар хийж байна. Баянзүрх дүүргийн  сонгуулийн тойргийн хороо өмнө нь 60, 64 дүгээр тогтоол гарсан. Гэвч энэ тогтоол нь хууль зүйд нийцэхгүй байгаа нь тогтоогдсон. Гэтэл 60, 64 дүгээр тогтоолоо хүчингүй болгочихоод утга агуулга адилхан 11, 12 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолыг үндэслээд хотын дарга С.Батболд Засаг дарга томилох тухай шийдвэр гаргасан байдаг. Энэ тогтоолыг Захиргааны хэргийн шүүхээс өнөөдөр хүчингүй болгож байх шиг байна” гэлээ.

Мөн түүнчлэн тэрбээр цагдаа нар эрх баригчдын гар хөл боллоо, Баянзүрх дүүрэгт  болсон явдал бол ардчилсан хэм хэмжээг давсан балмад үйлдэл хэмээсэн юм.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл хэлэхдээ “Баянзүрх дүүрэгт  болсон үйл явдлаас харахад байдал ямар ноцтой болсон талаар та бүхэнд сонордуулах гэж ирлээ. Ийм үйл явдал бол орон даяар явагдаж байна. Ард түмний сонголтыг орон даяар булааж авах үйл ажиллагаа явагдаж байна. Орон нутгийн сонгууль болоод таван сар өнгөрч байхад 74 сумын Засаг дарга томилоогүй байна. Батламжлаагүй байгаад барахгүй Баянзүрх дүүрэгт  болсон явдал шиг ард түмний сонголтоор бий болсон засаглах эрхийг хүчээр булааж авах гэж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн явдал юм. Дарангуйлал тогтохын өмнөх үе буюу шүүх засаглалыг булаах гэж байна. Тиймээс ард түмэн сонор сэрэмжтэй байгаарай” гэлээ.

Т.ДАВААНЯМ

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ


С.БАТБОЛД: БИ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮНДЭТГЭНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны гуравдугаар сарын 2-ны өдөр захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон. Уг шийдвэрийнхээ талаар болон шүүхийн шийдвэрийн талаар тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хотын дарга хэлэхдээ “Өнгөрсөн 10 дугаар сард болсон сонгуулийн үр дүнгээр нийслэлийн дүүргүүдийн ИТХ байгуулагдаж, Засаг дарга нар томилогдсон. Би нийслэлийн 8 дүүрэгт болсон ИТХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, 8 дүүргийн Засаг даргыг батламжилсан. Үүнээс 6 дүүрэгт нь МАН олонх болж, МАН-аас нэр дэвшигч Засаг даргаар томилогдсон. 2 дүүрэгт нь Ардчилсан намаас нэр дэвшигч Засаг дарга болсон. Баянзүрх дүүргийн хувьд 41 тойргийн 35 дээр нь сонгууль маргаангүй явагдаж, 35 төлөөлөгчийн эрхийг сонгуулийн хороо баталгаажуулсан шийдвэрийг хотын даргад ирүүлсэн.Маргаантай 6 тойргийн асуудлаар шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл 5 сарын хугацаанд Нийслэлийн Засаг даргын хувьд хүлээцтэй хандсан. Харин энэ оны 2 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн сонгуулийн хороо шийдвэрээ гаргасан. Баянзүрх дүүргийн 6 тойрог дээр дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байсан.

Миний бие энэ шийдвэрийг үндэслэн захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуулийн дагуу мандатаа авч, бүрэн эрх нь баталгаажсан төлөөлөгчдийн олонхи нь хуралдаад, засаг даргад нэр дэвшүүлж,албан ёсоор баталгаажуулж ирсэн Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилох шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр тус дүүрэгт сонгуулийн тойргийн хорооноос мандатаа авч бүрэн эрх нь баталгаажсан 35 төлөөлөгчийн 19 нь МАН, 16 нь АН-ын төлөөлөгч байна. Засаг даргын захирамжаа пүрэв гарагийн орой Баянзүрх дүүрэг дээр очиж Нийслэлийн засаг даргын тамгын газрынхан тус дүүргийн орлогч дарга, тамгын газрын дарга болон албаны хүмүүст сонсгосон. Харин дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа байгаагүй учраас баасан гарагийн өглөө дахин очиж танилцуулсан. Үүнийг Баянзүрх дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч болон тус намын гишүүд эсэргүүцсэн.

Өнөө өглөө Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон шийдвэрийн үйлчлэлийг түдгэлзүүлж байна” гэсэн шийдвэрийг надад өглөө. Шүүх шийдвэрээ гаргасан учраас миний гаргасан захирамжийн үйлчлэл түдгэлзэж байна. Би шийдвэрээ хууль зүйн үндэстэй гаргасан. Өөрийн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг шүүхийн өмнө нотолж, тайлбарлах болно. Гэхдээ би Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Нийслэлийн засаг даргын хувьд хуулийн дагуу захирамж гаргасан бөгөөд улс төржсөн шийдвэр гаргаагүй гэдгээ хэлье.“ хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


О.БАТ-ӨЛЗИЙ: СОНГУУЛИЙН ХОРООНЫ ТОГТООЛ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ҮНДЭСЛЭСЭН

-Захиргааны хэргийн шүүх 2016 оны 10 дугаар сард гаргасан тогтоолыг хянан хэлэлцээд “Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт үндэслээгүй” гэж буруутгаад байсан юм. Бид үүнийг хүлээн авч тэрхүү шийдвэрээ цуцалсан. Харин сая гаргасан шийдвэр маань Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн гэдгийг онцолъё-

Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн зургаан хүнийг хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг Эрүүгийн хэргийн шүүхээс гаргасан. Үүнийг үндэслэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо таван хүнийг нь нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж, тухайн тойрогт нь 2017 оны 10 дугаар сард дахин сонгууль явуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргаад байгаа юм. Баянзүрх дүүргийн ИТХ бүрэн бүрэлдэхүүнээр бүрдэх асуудал тийнхүү хойшилж байгаа ч төрийн ажлыг тасралтгүй явуулах үүднээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн дөрөв дэхэд шийдвэр гарган тус дүүргийн Засаг даргыг батламжилсан байна. Харин Баянзүрх дүүргийн өмнөх удирдлага буюу дүүргийн АН дээрх шийдвэрүүдийг хууль бус гэж эсэргүүцэн Захиргааны хэргийн шүүх өөр байдлаар гарсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Маргаан бүхий уг асуудлаар бид Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзийгөөс дараах тайлбар авлаа.

-Баянзүрх дүүргийн Ардчилсан намын удирдлагууд Сонгуулийн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх буруутгасан гэдэг мэдээллийг өгч байна. Та бүхэн шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Ардчилсан намын дүүргийн удирдлагуудын яриад байгаа буюу Захиргааны хэргийн шүүхээс буруу гэж үзсэн шийдвэр нь Эрүүгийн хэргийн шүүхээс нэр бүхий зургаан нэр дэвшигчийг хууль зөрчсөнийг тогтоохоос өмнө гарсан шийдвэр юм. Эрүүгийн хэргийн шүүхээс гэм бурууг тогтоохоос өмнө бид холбогдох хуулийг үндэслэн нэр дэвшигчдийг хууль зөрчсөн гэж үзэж нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэрийг 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр гаргаад байсныг Захиргааны хэргийн шүүх буруутгасан. Тийм учраас дүүргийн Сонгуулийн хороо Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээн авсны дараа 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хуралдаж, өмнөх тогтоолоо цуцалсан юм.  Харин үүний дараа маргаан Эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж, нэр бүхий зургаан төлөөлөгч хууль зөрчсөнийг тус шүүхээс тогтоосон юм. Тэдгээр зургаан хүнээс нэг нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн дараагийн шатанд давж заалдаж буй бөгөөд эцэслэгдэн шийдэгдээгүй байна. Иймд бид Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг үндэслэн бусад таван нэр дэвшигчид хамаарах санал хураалтын дүнг хүчингүй болгож, тухайн тойргуудад дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргасан юм. Дүүргийн Сонгуулийн хорооны энэхүү сүүлийн шийдвэр хүчин төгөлдөр гэдгийг тодотгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тогтоол нь өнгөрсөн оны 10 дугаар сард буюу маргаан Эрүүгийн хэргийн шүүхээр шийдэгдэхээс өмнө Сонгуулийн хорооноос гаргаад байсан шийдвэр юм.

-Тэгвэл дүүргийн Сонгуулийн хорооноос өмнө нь гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх яагаад буруутгасан юм бэ. Мөн сүүлд гаргасан шийдвэрээ хууль зөрчөөгүй гэдэгт Та бүхэн итгэлтэй байна уу?

-Захиргааны хэргийн шүүх 2016 оны 10 дугаар сард гаргасан тогтоолыг хянан хэлэлцээд “Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт үндэслээгүй” гэж буруутгаад байсан юм. Бид үүнийг хүлээн авч тэрхүү шийдвэрээ цуцалсан. Үүнээс хойш Эрүүгийн хэргийн шүүхээр маргааныг хэлэлцэн шийдвэрлэхийг хүлээсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарсан тул үүнийг үндэслэсэн Сонгуулийн хороо тогтоол гаргасан.

Сонгуульд нэр дэвшигч хууль зөрчсөн эсэхийг Эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэн тогтоодог. Харин Сонгуулийн хорооны шийдвэр хуульд нийцэж буй эсэхийг Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэн тогтооно. Тэгэхээр нэр дэвшигчид хууль зөрчсөн эсэх маргааныг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тайлбарлах бололцоогүй юм.

-Эрүүгийн хэргийн шүүхээр гэм буруутай нь нотлогдсон учраас Сонгуулийн хороо холбогдох эрх, үүргийнхээ дагуу дараагийн шийдвэрээ гаргасан юм байна. Гэтэл үүнийг зарим талууд тайлбарлахдаа улстөржсөн шийдвэр гэж үзэж байгаад та тайлбар өгнө үү?

-Дүүргийн Сонгуулийн хороо хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Дан төрийн албан хаагчдаас бүрдсэн, хараат бус байгууллага. Энд улстөржих, нэг талыг баримтлах бололцоо хуулиараа байхгүй. Сонгуулийн тухай хуулийн 34.1.2-т сум, дүүргийн Сонгуулийн хороо сонгуулийн хууль, тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу л ажиллаж байна.

Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, дахин сонгууль зарлахтай холбоотой харилцааг Сонгуулийн тухай хуулиар маш тодорхой зохицуулсан байдаг. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 159.3-т “сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасаж, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж хуульчилсан байна. Мөн уг хуулийн 160.3-т “сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчдийн нэрийг жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явагдана” гэж, 160.4-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ хувьд нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явагдана” гэж тус тус заасныг үндэслэн шийдвэрлэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж