Нөхөн сэргээлт хийдэг компанийг “Алт-2”-т хамруулна

Хуучирсан мэдээ: 2017.03.05-нд нийтлэгдсэн

Нөхөн сэргээлт хийдэг компанийг “Алт-2”-т хамруулна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Алт-2“ хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Гэвч хэзээнээс энэ хөтөлбөр хэрэгжих нь одоогоор тодорхой болоогүй байна.

“Алт-2” хөтөлбөр нь  алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хувьд дэмжиж, тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах  зорилготой. Энэ хөтөлбөрт хамрагдсан алтны компаниудад байгаль орчны нөхөн сэргээлтийг заавал хийсэн байх гэсэн шаардлага тавих аж. 

“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ:

  1. Хууль эрх зүй, татварын орчныг тогтвортой байлгах,

  2. Геологийн нөөцийг нэмэгдүүлэх судалгааг сайжруулах, гуравдугаарт олборлолтыг өсгөх,

  3. Жил бүр 2-3 тонноор нэмэгдүүлж 2020 он гэхэд Монголбанкинд тушааж байгаа алтыг 25 тоннд хүргэх,

  4. Орчин үеийн техник технологийг ашиглаж хариуцлагын тогтолцоог иж бүрэн хангах,

  5. Бичил уурхайн асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулах юм байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын удирдлагад “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөл байгуулагджээ. Зөвлөл нь дотроо орон нутаг, хууль эрх зүй, санхүүжилт, геологи, уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлт гэсэн чиглэлээр хуваагдан ажиллаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл дээрх зөвлөл нь “Алт-2”  хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих аж.

1991 онд алтны олборлолт жилд 800 кг байсан бол “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2001 онд 13 тоннд хүрч өсчээ.  Сөрөг тал нь олборлолтыг дагаад байгаль орчны бохирдол нэмэгдсэн юм.  Нөхөн сэргээлтийн ажил хангалтгүй байснаас гадна хаягдал ихтэй технологи ашиглаж байсантай холбоотой гэдгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат www.eagle.mn сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр “2000 онд хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөрийн үр дагавар нь мөн л давтагдсан. 68 хувийн татварын өмнө буюу 2005 онд 24 тонн алт олборлож байсан. Үндсэндээ шороон ордын нөөцүүдийг ашиглаад дууссан. Одоо шороон ордын нөөц 27 тонн л үлдсэн гэсэн судалгаа бий” гэдгийг хэлсэн байна.

АЛТЫГ НЬ АВААД ГАЗРЫГ СЭНДИЙЧИЖ ОРХИСОН КОМПАНИЙН ЛИЦЕНЗИЙГ ХУРААНА

Засгийн газраас “Алт-2” хөтөлбөрт хамрагдаж, алтны олборлолтын лиценз авсан компаниуд хууль зөрчиж, нөхөн сэргээлт хийхгүй байвал шууд хариуцлага тооцдог байх үүргийг салбарын яаманд нь олгожээ. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам   2017 ондоо багтааж алтны олборлолтой холбоотой хууль эрх зүйн орчноо сайжруулахаар төлөвлөжээ. Ингэснээр алтны компаниудад хариуцлага тооцох механизм тодорхой болох аж. Цаашлаад лицензийг нь цуцлах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, дахин уул уурхайн салбарт оруулахгүй байх зэрэг хариуцлага тоодог болох юм.

АЛТ ТУШААЛТ 25 ТОННД ХҮРВЭЛ 59 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАНА

Алтны ханшийн төсөөлөл ойрын 2-3 жилд бага зэрэг бууралттай байх зураглал ажиглагдсан ч  1000 ам.доллараас дээш үзүүлэлттэй байна гэж салбарын яам нь тооцжээ. Тодруулбал 2020 он хүртэл алт тушаалт 25 тонн хүрвэл зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс л гэхэд 59 тэрбум төгрөг төсөвт орно гэж тооцоолсон байна.

Мөн 1.1 тэрбумын борлуулалт хийх төсөөлөл гарчээ. Үүнээс гадна Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ. Үүнийг дагаад алтны олборлолтын салбарт ажиллах хүчний тоо нэмэгдэх боломжтой юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж