Туркийн Засгийн газар тэтгэлэг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.03.05-нд нийтлэгдсэн

Туркийн Засгийн газар тэтгэлэг зарлалаа

Бүгд найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр, 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Бүртгэл эхлэх хугацаа: 2017 оны гуравдугаар сарын 1

Бүртгэл дуусах хугацаа: 2017 оны гуравдугаар сарын 31

БНТУ-ын Засгийн газрын 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн тов зарлагдсан тул хамрагдах хүсэлтэй хүмүүс www.turkiyeburslari.gov.tr цахим хаягаар товлогдсон хугацаанд бүртгүүлэх боломжтой. Тэтгэлгээр суралцахыг хүссэн иргэд дээрх цахим хаягт хандан зааврын дагуу бүртгүүлээрэй.

2016-2017 оны хичээлийн жилд дэлхийн 150 гаруй улс орны таван мянга орчим залууст тэтгэлэг олгосон энэхүү хөтөлбөрийн бүртгэл нь зөвхөн цахим хэлбэрээр явагддаг бөгөөд шуудан болон өөрийн биеэр авчирсан материалыг хүлээж авахгүй юм байна.

Тэтгэлэгт 1996 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн бөгөөд дунд сургуулиа төгссөн эсвэл энэ жил төгсөх хүмүүс хамрагдах эрхтэй.

Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.

Анагаах ухаан, шүдний эмч, эм зүйч мэргэжлээр тэтгэлэг горилогчдын дүнгийн үзүүлэлт 100/90-ээс дээш, бусад мэргэжлээр сурах иргэдийн дүнгийн үзүүлэлт 100/70-аас дээш байх болзлыг хангасан байх ёстой шаардлагатайг эх сурвалж мэдээллээ.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Бүгд Найрамдах Турк Улсын иргэн, аль эсвэл Бүгд Найрамдах Турк Улсын иргэншлээс татгалзсан хүмүүс хамрагдахгүй аж.

Турк Улсад урьд өмнө нь бакалаврын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх хэрэгтэй гэнэ.

Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад сонгосон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт үндэслэн сурлагын түвшин, нийгмийн идэвх, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.turkiyeburslari.gov.tr цахим хаяг болон “0 850 455 0 982” дугаарын утсаар холбогдон авах, эсвэл info@turkiyeburslari.org хаягт цахим шуудан илгээн тодруулах боломжтой юм.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж