
Клинсманны дасгалжуулагчийн замнал эрээнтэй, бараантай байсан. 2006 оны дэлхийн аваргаар Германы шигшээг хүрэл медалийн тавцанд гаргаснаар зарим нэгний шүүмжлэлийг дарсан ч Калифорнид эхнэр Дебби болон хоёр хүүхэдтэйгээ хамт амьдрахаар ажлаа хүлээлгэн өгсөн юм. 2008 онд тэрбээр Германы шилдэг багуудын нэг “Баейрн Мюнхен”-ий дасгалжуулагчийн ажилд томилогдсон ч 25-9-9 гэсэн амжилт үзүүлж, Аваргуудын лигийн шөвгийн наймын шатанд шалгарсан амжилттайгаар жилийн дараа суудлаасаа огцорсон. Ажлаа хүлээлгэн өгсөн шалтгааныг нь клубын удирдлагатай тийм ч таарамжтай байгаагүйтэй холбон тайлбарладаг юм. Харин тоглогчийн хувиар тэр жинхэнэ “бөмбөгдөгч” байв. Клубын төвшинд 17 жил тоглохдоо 516 тоглолтод оролцож, 232 гоол оруулсан амжилттай. Энэ хугацаанд тэрбээр Италийн “Интер Милан”, Английн “Тоттенхэм”, Германы “Баейрн Мюнхен” зэрэг дэлхийд данстай багуудын өмсгөлийг өмсч явсан нэгэн билээ. Мөн тэрбээр Баруун Герамн улс 1990 онд дэлхийн аваргад түрүүлэхэд бүрэлдэхүүнд нь багтаж, 1996 онд Европын аваргын цомыг нутагтаа авчирч байлаа. Клинсманн шигшээ багтаа нийт 108 тоглолтод 47 гоол оруулжээ.