“Гүрэн” дээд сургуулийнхан Харвардаас сертификатаа авлаа

Хуучирсан мэдээ: 2017.03.06-нд нийтлэгдсэн

“Гүрэн” дээд сургуулийнхан Харвардаас сертификатаа авлаа

“Гүрэн” дээд сургуулийн Гүйцэтгэх удирдлагын Төрийн захиргааны менежментийн (Executive Master In Public Administration) магистрын оюутнууд АНУ-ын Бостон хотноо Харвардын менежментийн хөтөлбөрийг амжилттай дүүргэж, сертификатаа гардан авлаа.

Шинжээч, менежер, манлайлагчийг бэлтгэх зорилготой энэхүү 1,5 жилийн хугацаатай хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан оюутнууд Харвардын Менежментийн Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Бизнесээ удирдах гэсэн гурван үндсэн сэдвээр 44 хичээлийг амжилттай дүүргэжээ. Шалгалтандаа тэнцсэн төр, хувийн хэвшлийн удирдах ажилтнууд Харвардын Их Сургуулийн дэргэдэх Төрийн захиргааны сургууль, Бизнесийн Сургууль, Хуулийн сургуулиудаар зочилсон байна. Мөн “Гүрэн” дээд сургуулийн магистрын оюутнуудад зориулан зохион байгуулсан сургалт, семинар болон Харвардын Бизнес Сургууль дээр зохион байгуулагдсан “Harvard Asia Business Conference” чуулга уулзалтанд албан ёсоор оролцлоо.

Өнөөдөр тус сургуулийн оюутнууд Бостон хотоос хөдөлж, Нью Йорк хотод байрлах НҮБ-ын оффист айлчлахын зэрэгцээ дэлхийн нэр хүндтэй Financial Times сонины дэргэдэх “Нью Иоркийн Санхүүгийн Институт”-д зочилж, тус байгууллага “Гүрэн” дээд сургуулийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд оролцох юм байна.

Нью Йоркийн Санхүүгийн Институт нь 1922 онд Нью Йоркийн Хөрөнгийн Биржийн дэргэд байгуулагдсан АНУ-ын банк, санхүүгийн салбарын мэргэжилтэн, удирдах ажилтнуудыг бэлтгэдэг ууган компаниудын нэг ажээ.

“Гүрэн” дээд сургууль “гүрүн” үзэл санаа буюу “local leader, global partner” зарчим дээр суурилсан төрийн түшээ, шилдэг менежер, нийгмийг манлайлагчдыг бэлтгэх зорилгоор төрийн захиргааны менежментийн магистрын хөтөлбөрийг Харвардын их сургуулийн хөтөлбөртэй дүйцүүлэн боловсруулсан юм байна. Тус сургууль 2017 оноос төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн шилдэг 30 нэр дэвшигчийг сонгон шалгаруулж энэхүү хөтөлбөртөө элсүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд 3 сарын 15-наас энэхүү хөтөлбөрт нэр дэвшигчдэд сонгон шалгаруулалтад орох урилга хүргүүлэх ажээ.

Дараагийн 25 жилийн хугацаанд Монголын улстөр, бизнес, нийгмийн салбарт голлох үүрэг гүйцэтгэх чадамжтай, улс орныхоо эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чин хүсэлтэй, иргэний эрх ба үүрэг, удирдагч хүний эрх мэдэл болон эрх ашгийн эрэмбэ дарааллыг ялган таних чадвартай, өнгөрснөөс сайн зүйлсийг өвлөн авч, өнөөдөр өөрчлөлтийг эхлүүлж, ирээдүй хойч үедээ үнэт өв үлдээх, үндэстнээ барьж байгуулах үйл хэрэгт нэг сэтгэлээр зүтгэх нэг баг, нэг гэр бүл, нэг армийг бэлтгэн гаргахад энэхүү сургуулийн эрхэм зорилго оршино гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж